Чи өвдвөл би өвдөнө, би өвдвөл бид өвдөнө, бид өвдвөл бүх Монгол өвдөнө!
Өглөө эртхэн эмийн сангуудын хаалга татлаа. Лав таван хаалга ардаа хаяв. Амны хаалт байхгүй, дууссан гэх ав адилхан хариултуудаар үдүүлж, болохгүй бол оёод зүүчих юм чинь гэсэн шүү юм бодоод боодол самбай авчихлаа.
Тэгэхнээ хүүхэд тэвэрсэн бүсгүй "Эгч ээ, Бөмбөгөрт байна билээ" гэж зүг гаргав. Гүйгээд очтол ширхэг нь 300 төгрөг гээд нэг удаагийн амны хаалт, 1500-1800 төгрөгийн ариутгалын хлормин үүд хавийн хэдэн лангуунд байж байх юм. Олддоггүй ховор эдээс ам бүлээ тоолж байгаад овоо хэдийг цүнхэлж амжлаа. Тэндээсээ Дэнжийн 1000 руу жирийлгэв. Адуу, хонины мах авах санаатай хүн л дээ. За тэнд ч амьдрал буцалж байна. Юун коронавирус. Цагаан сарын ууц, өвчүү наймаалцсан хүмүүс хөл тавих зайгүй...энд вирус ярьсан хүн эргүү тэнэгээрээ дуудуулмаар...амны хаалт зүүсэн хүн аравт ганц таарвал их юм.
Эрхий хуруугаараа хамрынхаа нэг нүхийг таглаж байгаад л нусаа пирхийтэл нийж, цэрээ писхийтэл хаясан залуус, хацар хошуу нь даарч улайсан хүүхдээ дугтарч чирсэн хүүхнүүд...зориод ирснийх, хэд хоногтоо санаа зовохгүй хүнс базаагаад Емарт руу гараад шидчихлээ. Тэндээс зайлшгүй авах хэрэглээ гэж байна аа, бас. Саван, шампунийн тасаг хүн олонтой байх юм. Гар ариутгагч гэж байдгийг сая санасан би олныг дуурайгаад очтол дууссан, бактерийн эсрэг саван харин харагдаж байна шүү. Яаж зүгээр байхав, бас л хэрэглээндээ тааруулаад авлаа. Амны хаалтгүй охид хувцасны тасагт солонгорч, эрчүүд бургер эргүүлдэн, за зарим нь хоол савхдаад ходоодоо тордож сууна. Ариутгагч хайгаад тэндээсээ дөчин мянгатын эмийн санг зорьлоо.
Гар ариутгагч дууссан, үйлдвэр нь шөнөжин ажиллаад ачааллаа дийлэхгүй байгаа гэсэн, ирж магадгүй гэж байна. Харин нөгөө амны хаалт гуай ширхэг нь 250 төгрөг гээд зөндөө. Харих замдаа хаяаныхаа "Монос"-оос хэдэн "Санитол" олж сэтгэлээ амрааж аваад гэрийнхээ хаалгыг татлаа. Манай ариутгагч ингээд дуусч байна гэсээр худалдагч нь үлдсэн. Хлорминаа найруулж шороо тоос, шал шавхайгаа арчаад, олж ирсэн хэдэн уут нойтон салфеткандаа цэнхэр спирт хийж хүч нэмээд, адууны махаа чанаж суугаа хүүхэн байна аа.
Болохгүй бол архи олж ирээд ариутгагч болгоод усанд хутгачихаа мэдье ээ гэсэн шүү юм бодоод л...Юу гээч, бидний чадах нь л өнөөдөртөө энэ юм. Сайн мэдээ гэвэл Эхлэл брэнд, Exclusive үндэсний үйлдвэрлэгч компани иргэдэд үнэгүй амны хаалт тарааж эхэлжээ. Эх оронч, нийтэч сэтгэл гэдэг энэ дээ. Нэг удаагийн амны хаалтаа ч дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бид хилээ хаагаад хэд хоноход хэцүүхэн асуудлууд ар араасаа ундарч таарна. Чаддагаараа Засаг огцор гэж баахан чарлах биз. Ийм үед арван засаг огцроод ч арван амь аврахгүй. Худал үнэн шуугиант мэдээнд хуугаараа хуйлрахаа болъё. Тэглээ гээд яах юм, өнөөхөндөө вакцин гэж байхгүй, эмчилгээ гэх юмгүй.
Тиймээс эхлээд өөрсдөө амны хаалт зүүе, амны хаалт зүүхийг бусаддаа уриалъя, зөвлөе. Энэ халдварт өвчний тухай эргэн тойрныхондоо учирлан таниулъя. Далчиганахаа больж дархлаагаа дэмжье. Өвдсөн нэг нь өөрийнхөө төлөө гэхээсээ илүү өрөөлийн төлөө гэртээ үлдье. Учир нь чи өвдвөл би өвдөнө, би өвдвөл бид өвдөнө. Бид өвдвөл бүх Монгол өвдөнө! Хилээ хааж, хэлээ гаргаад ч нэмэргүй. Хилээ нээж, хэлээ залгиад ч тусгүй. Үйлдвэрлэж чадах эм тариа маань юусан билээ, гар ариутгагчаа ч гэсэн гаднаас зөөдөг спиртээр л хийдэг. Үг уралдуулахын оронд үйлдлээрээ харуулцгаая. Амны хаалт, ариутгагчаас өөр зэвсэг өнөөдөртөө үгүй....цөөхүүлээ байх тусмаа цөлийн чоно шиг бүлсэж байж туулна шүү, цөмөөрөө!
Р.Эмүжин