Зуны улиралд хүний хөл тасардаггүй Аварга тосон нуур маш их бохирдолтой байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа сурвалжлан нийтэлж, үүнд анхаарал хандуулахыг хүссээр байна.
Энэ асуудлаар өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн ч одоог хүртэл ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байгаа юм. Нутгийн иргэд нь аврал энэрлээ хайрласан нуураа хадгалан хамгаалахын тулд тодорхой саналуудыг дэвшүүлсээр байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд ч тус нуурыг хүрээлэн байрлаж, үйл ажиллагаа явуулдаг амралт, сувиллын газруудыг стандарттай болгох, нэг жилийн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоож, Аварга тосон нуурын бохирдлыг арилган сэргээх хүсэлтэйгээ хэлж, ярьсаар өдийг хүргэсэн.Харамсалтай нь, одоог хүртэл дорвитой шийдвэр гаргаагүй л байна. Урин дулаан цаг наашилж буй энэ үед шийдвэр гаргагчид дорвитой алхам хийхгүй бол Аварга тосон нуурыг тойрон үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй амралт, сувиллын газар тун удахгүй захиалгаа авч эхэлнэ. Үүнийг дагаад дан ганц Аварга тосон биш ойр орчимд нь байх нуур ч ширгэж устах аюулд ороод байна.
Тус сумын улсын байцаагчийн хэлж буйгаар Аварга тосонд өвчнөө илааршуулахаар орж байгаа хүмүүс элдэв саван хэрэглэдэг. Үүнээс шалтгаалж нуурын ус химийн өөрчлөлттэй гарснаас гадна гэдэсний савханцар үүсгэдэг нян ихээр илэрчээ. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол Аварга тосон хэмээх эмчилгээний нуур байсныг ном, сониноос унших цаг ирэх вий.
Ниргэсэн хойно нь хашгирах бус ширгэж устахаас нь өмнө арга хэмжээ авбал бид газрын нүдэн болсон нэгэн сайхан нуураа хамгаалан үлдэж чадах юм.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин