Сагсан бөмбөгийн домог Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор амиа алджээ
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Лэйкерс" багт 20 гаруй жил тоглосон домогт тамирчин Коби Брайнт манай цагаар урьд шөнө Калифорни мужид нисдэг тэрэгний ослын улмаас 41 насандаа өөд болсон байна.
Тодруулбал, үзэгдэх орчин муу, манан ихтэй байсны улмаас нисдэг тэрэг Калабасасын толгодын орчим осолдож, Коби Брайнт, түүний охин 13 настай Жианна Брайнт болон хамт нисэж явсан 7 хүн бүгд амиа алдсаныг "Los Angeles Times" мэдээлжээ.
Түүний фэнүүд Лос-Анжелест цуглаж эмгэнэл илэрхийлжээ
Ослын газар
Тэрбээр 5 удаа NBA-ын аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдож, 2 удаа финалын үнэ цэнэтэй тоглогч болсон гайхалтай амжилт үзүүлээд 2016 онд зодог тайлсан юм. Түүнчлэн АНУ-ын шигшээ багын өмсгөлтэйгээр 2008, 2012 оны Олимпийн аварга болж байжээ.