Номтойбаярыг би хүндэлдэг. Нийгмээрээ үзэн яддаг хүнийг хүндэлдэг ямар мангар юм бэ гэж бодвол бод оо. Тэр их мөнгөтэй байж өөрийгөө зөв талаас нь харуулах ПР-аа тултал хийчдэггүй нэг бодлын тэнэг хүн. Жижиг сажиг юмаар хөөцөлддөггүй, байгаагаараа байдаг, дүр эсгэж чаддаггүй зантай нь холбоотой байх. Түүний тусалсан хүн, аварсан амь тоогоо алдсан гэхдээ тэр хэзээ энэ тухайгаа ярьдаггүй. Цусанд нь байдаг эх оронч зан нь олон үерээ төрд зүтгэж явсан өвөг дээдэс, тагнуулын мэргэжилтэй нь холбоотой байх. Залуудаа яаж явсныг нь мэдэхгүй. Миний хувьд 13 оноос хойш НАМЗХ, МАН, Хөдөлмөр Нийгмийн хамгаалын сайд байхад нь удирдлага доор нь ажиллаж явсан. Энэ хугацаанд Монголын төлөө хийсэн хэдэн зүйлд нь оролцож гаргасан үр дүнд нь талархаж явдаг.
Анх НАМЗХ—д байхдаа Залуусын хөгжлийн хуулийн төслийг боловсруулж батлуулан боловсролын зээлийн санг үүсгэж олон амьдарлын боломж муутай залууст сурч боловсрох боломж олгосон үес эхлэн алсын хараа, хөгжлийн төлөөх зүтгэлийг нь хүндэлж эхэлсэн юм. Яаманд байхдаа гадныхантай уулзаж ажил ярихад нь байлцахдаа үнэхээр нүүр бардам байдаг байснаа санаж байна. Салбарын асуудлын мэдлэг, асуудалыг олж харах, гарц гаргалгааг оновчтой тодорхойлох чадвар нь өндөр, хамтран ажиллах хэлбэрийг маш зөв гаргаж чаддаг нь уулзсан хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлж чаддаг байж билээ. Түүнийг сайд байхад манай яамны ихэнх цонхны гэрэл шөнө арав, арван нэг хүртэл асаалттай байдаг байсан. Тэрнийхээ хүчинд 4 жилийн төлөвлөгөөнд орсон ажлуудын талыг нэг жилд хийчихсэн шилдэг яамаар шалгарч байж билээ. Монгол улсад асар хэрэгтэй байсан Дампуурсан нийгмийн даатгалын санг хөрөнгийн биржтэй холбож даатгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх салбар хоорондын цогц бодлого, халамжийг танан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөшүүргүүд гээд олон мундаг санаа санаачлага Номтойбаяртай хамт унасандаа хөөрхий. Баргийн хүнийг ямар мундаг юм бэ гэж боддоггүй надад лав Номтойбаярыг үнэхээр мундаг юмаа гэж бодсон олон тохиолдол бий. Оросын Холбооны Улсын ДУМ өнгөрсөн зун өчүүхэн намайг болон Номтойбаяр гишүүнийг Олон улсын Парламентчдын Форумд урьсан юм. Англиар чөлөөтэй ярьж хөгжилтэй орнуудын парламентын гишүүдтэй дэлхийн асуудлуудаар санал солилцож хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөн том салбар хуралдааныг удирдаж байхыг нь хараад их бахархсан.
Хувь хүнийхээ хувьд нөгөө мундаг Шарк дүүгээсээ авахүүлаад гэр бүл үр хүүхэдээ анхаарч халамжилж байхыг нь хараад нийгэмд танигдсанаасаа шал өөр хүн байна ш дээ гэж бодож билээ. Найз нөхдийн нь хүрээ нь хүртэл таг хөдөөний малчингаас дэлхийн хүмүүс байдагийг нь нэг төрсөн өдрөөр нь санамсаргүй таарч хараад их гайхсан. Хүүхэн шуухны хувьд өөрсдөө ирээд наалдчихдаг юм билээ...юунд нь болдгийн бүү мэд. Зарчимгүй жудаггүй юм тааралдвал нулиад хаячихдаг юм шиг байгаан гэхдээ би л лав нүдээрээ хараагүй. Би ч гэсэн эр хүн байсан бол тиймэрхүү нөхөр байх байсан байх. Улс төрчийнхөө хувьд бол хаа очиж жинхэнэ зарчимтай жудагтай сэтгэлтэй зүтгэлтэй гэж боддог. Тендэр зохицуулж ЖДҮ-ээс хусаж, ах дүү, амрагаа энд тэнд шахаж томилуулж явдаггүй бас л жудаг шүү. Ийм болохоор ноотой нөхдүүд түүнээс их айдаг. Одоо хөөрхийг үнэхээр олон талаас нь балбаж байна даа. Уул нь их юм хийж бүтээх чадвартай сэтгэлтэй залуу юмсан.
Ц.Арилдийпүрэв