Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ
Дэниел Томас гэгч Австрали эр хэдэн жилийн өмнө хар тамхины эсрэг хуурамч ажиллагаа явуулсан нь илэрч, 11 жилийн хорих ял авсныг "The Age" мэдээлжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр Томас хамсаатны хамтаар цагдаагийн хувцас өмсөж, Викториа мужийн Лиллидэйл хотын иргэний гэрт нэвтрэн хар тамхи хураалгахыг шаардсан байна.
Уг хэрэг 2016 оны долдугаар сард болсон бөгөөд тодруулбал тэр хоёр хохирогчийн гэрт дайран орж, "Цагдаа байна. Шалан дээр доошоо хараад хэвт! Хар тамхи чинь хаана байна?" хэмээн хашхирчээ.
Тухайн үед гэрт байсан хоёр эр өөрсдийн хадгалсан марихуан, метамфетаминыг Томаст өгсөн боловч тэрбээр илүү ихийг нууж байна гэж сэжиглэн, нэгнийг нь ухаан алдтал нь алхаар нүдсэн байна.
"Бид найзыг чинь алчихлаа. Одоо хаана хар тамхи нууснаа хэл" хэмээн Томас хохирогчийн толгой руу алхаар цохиж, тэр ч байтугай өмдийг нь тайлуулан шулуун гэдэсний үзлэг хийснийг "The Age" мэдээлжээ.
Дэниел Томас хамсаатны хамт тэндээс явсны дараа жинхэнэ цагдаа нар ирж, аймшигтай дүр зургийг харсан аж.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад Томас хохирогчийг найз бүсгүйтэй нь холбоотой байсныг мэдсэн учраас ийм үйлдэл гаргасан гэж мэдүүлсэн боловч хожим худал болох нь тогтоогджээ. Үнэндээ тэрбээр хар тамхинд хэт донтсон, мөн 10 жилийн өмнө зодооны улмаас тархиндаа насан туршийн гэмтэл авсан байсан нь үүнтэй холбоотой гэж шүүгч дүгнэсэн байна.