Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ
Энэ сарын 8-нд Иран улс Ирак дахь Америкийн цэргийн баазад баллистик пуужингийн цохилт өгсний дараа ерөнхийлөгч Трамп АНУ-ын тал ямар ч хохирол амсаагүй хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл баасан гарагийн орой Пентагон мэдэгдэл хийж, тус цохилтын үеэр 34 америк цэрэг тархины доргилт зэрэг гэмтлүүд авсан гэж оношлогдсон болохыг зарлажээ. Ерөнхийлөгч Трамп өмнө нь "цэргүүдийн маань толгой бага зэрэг өвдсөнөөс сүртэй зүйл болоогүй" гэж мэдэгдэж байсан юм.
Батлан хамгаалах департмент цэргүүдэд өөр төрлийн гэмтэл бэртэл байгаа эсэхийг нягтлан шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болохыг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Хофман мэдээлсэн байна.
Гэмтэл авсан цэргүүдээс 17 нь албандаа буцан орсон бол нэг цэрэг эмчилгээ хийлгүүлэхээр Кувейт рүү явсан аж.