НЭМГ-аас коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж эхэлжээ
Манай улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй боловч эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.
Мөн иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч эхэлжээ.
"Өвчлөл бүртгэгдсэн улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдгийн хяналт тавьж, халуурсан болон амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлан, вирус илрүүлэх шинжилгээг хийж байна.
Уг тохиолдлууд нь шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд зайлшгүй шуурхай мэдээлэл хүргэж сэрэмжлүүлнэ. Халдварын тохиолдол бүртгэгдсэн үед нуух нь хэнд ч ашиггүй бөгөөд тэгэх ч шаардлагагүй юм. Одоогоор улирлын томуугийн дэгдэлт давхар явагдаж байгаа ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд очоогүй байгаа юм.
Эрүүл мэндийн сайд эсвэл Боловсролын сайд ч юмуу, хэн нэгэн нь хөл хорио тогтоогоод шийдэгдэх асуудал биш. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж, хэрэгжүүлж ажиллах ёстой. Тус дүрмийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагдана.
Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын дагуу эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шат дараатайгаар нэмэгдүүлэн ажиллаж байна" гэж Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Тиймээс халдварт өвчинтэй зөвхөн эрүүл мэндийн байгууллага тэмцэх бус иргэн бүрийн хүчин чармайлт, тэр дундаа эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх мэдлэг туршлагаа сайжруулах нь хамгийн чухал байна.
Иймд иргэд олон нийтийн газарт амны хаалт буюу маскаа зүүх, ханиаж найтаахдаа амаа халхал, нус цэрээ ил задгай бүү хаяхгүй байх, гараа тогтмол угааж өөрийгөө болоод гэр бүлээ сэргийлэх хэрэгтэй.