Дональд Трамп Иордан голын баруун эргийг албан ёсоор Израилийн талд өгнө гэж мэдэгдэв
Трампын засаг захиргааны Израиль-Палестины энх тайвны төлөвлөгөөг ирэх долоо хоногт Цагаан ордонд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон түүний өрсөлдөгч Цэнхэр, Цагаан намын удирдагч Бенни Ганц нарт танилцуулахаар болжээ.
Тус төлөвлөгөөнд Иорданы баруун эргийн бүх суурин газруудыг бүрэн Израилийн өгөх бөгөөд Палестины дүрвэгсдийг хүлээн авахгүй байх тухай тусгасан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү төлөвлөгөөг "Израилийн талд санал болгож байгаа хамгийн өгөөмөр болзол" гэж мэдэгджээ.
1967 онд зургаан өдөр үргэлжилсэн мөргөлдөөний үеэр Израилийн эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимд 140 сууринд 600 мянга орчим еврей амьдардаг байна. Эдгээр суурин олон улсын эрх зүйгээр хууль бус гэж тооцогддог боловч Израиль үүнийг эсэргүүцдэг билээ. Суурин барих төлөвлөгөө нь хагас зуун жилийн өмнө булаан эзэлсэн газар нутагтаа Еврей улсыг бэхжүүлэх бодлого гэж Палестины эрх баригчид үздэг бөгөөд Израиль, Палестины зөрчлийг тайван замаар шийдэхэд учирч буй гол зүйлүүдийн нэг юм.
Мэдээж хэрэг ийм саналыг Палестины ямар ч удирдагч хүлээж авахгүй гэж олон шинжээчид үзэж байгаа. Палестины 12-р суваг телевизээр тус улсын ерөнхийлөгч Махмуд Аббас тус төлөвлөгөөний нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байгаа ч АНУ-ын талд хандан "энэ тал дээр ямар нэг нааштай хариу хүлээх хэрэггүй" гэж мэдэгдсэн байна. Трамп 2017 онд Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрснөөс хойш Палестин болон АНУ-ын харилцаа улам муудсан юм.