Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм
Жобс, Возняк нар компьютерыг жирийн хүмүүс авч болох өргөн хэрэглээний зүйл болгох гэж хичээл зүтгэл гаргаснаар дэлхийд алдартай хүмүүс болсон билээ. Иймэрхүү ирээдүй бүхий санаа амжилтад хүрсэн олон түүх байхаас гадна муухан, цаг үеэ олоогүй санаа нь шинээр бизнес эрхлэгчдийг төдийгүй томоохон бизнесменүүдийн ажил хэргийг булшилсан тохиолдол бас цөөнгүй. Бизнес санаа бол зөвхөн таных бөгөөд үүнийг таны өмнөөс хэн ч бодож, олж хайх гэхгүй нь тодорхой. Гэхдээ танд алдар хүнд, амжилт авчрах арга зам хайхын тулд бүсдын зөвлөгөөг сонсох, мэдэх байдлаар шинэ санаа олох арга замаа илүү хялбарчилж болох билээ. Энэ удаа ийм бизнес санааг хэрхэн олох тухай ярилцъя.
1. Таны дуртай сэдэв болох чиглэлийг сонго
Ер нь бол бараг ихэнх амжилттай бизнес нь тухайн хүний урьд өмнө сонирхож, дурлаж байсан тэр зүйл байдаг гэдэг. Бизнес болоод ирэхийн үед энэ нь урьдын адил дуртай зүйл нь хэвээр байх боловч харин асар их ашиг олж, үйл ажиллагааны цар хэмжээ нь өсдөг билээ. Та огт мэдэхгүй, ойлгохгүй бизнесийн чиглэлд давхиж орох хэрэггүй бөгөөд энэ нь асар их эрсдэл дагуулж байдаг юм. Мөн танд таалагддаггүй зүйлд ч гэсэн анхаарах хэрэггүй ба магадгүй сар, жилийн дараа та энэ бизнес тань ашиг өгч байсан ч гэсэн үзэн ядаж, ажилдаа дургүйцэж эхэлж болох юм.
2. Өөрийн ажил төрөлтэй холбоотой бүх л зүйлд мэрэгш
Тухайн салбарын тухай гүнзгий мэдлэггүйгээр бизнес санаа олно гэдэг тун хэцүү. Тэрхүү салбартаа шинийг санаачлагч байж, өрсөлдөгч нараасаа давж гарахын тулд өөрийн бизнес, ажил хэргийн бүх л нарийн ширийн зүйлсийг яг таг мэддэг болох хэрэгтэй. Авто машины засвар үйлчилгээний газар нээх гэж байгаа бол машины бүтэц, зохион байгуулалтыг бүрэн мэдсэн байх хэрэгтэй. Шөнө дундуур таныг сэрээн дизель болон бензин хөдөлгүүрийн ялгааны тухай асуухад та хоёр хоёрын дөрөв гэдэг шиг автоматаар хариулж байвал дараагийн шатанд орох болжээ гэсэн үг. Ажил төрөлдөө бүрэн мэргэшсэн байх нь танд ямар давуу тал олгох вэ:
- Өрсөлдөгч тань харж чадаагүй байгаа зүйлийг та олж харах. Үйлчлүүлэгчид хэрэгтэй байгаа тэр үйлчилгээг мэдэрч, бусад өрсөлдөгч нараасаа давуу байдалтай болно
- Хурдтай эхлэл. Мэргэжлийн бус хүмүүс шиг алив бүх зүйлийг ойлгож, хөлөө олох гэж цаг алдах зовлонг алгасна
- Нөхцөл байдлыг сайн харж ойлгох. Та нийлүүлэгч болон бусад хамтрагч нартай амар хялбар, үр дүнтэй шуурхай харьцах ба үйлчлүүлэгч нартаа бас хэрэгтэй байгаа зүйлийг олж харж,бэлдэж чадах болно
3. Цаг үеийн трэнд болсон тэр сэдвийг ол
Нэгэн цагт хүн болгон л спиннерээр тоглож байж билээ. Тэгвэл энэ зүйлээр олон компани маш их ашиг олж байсан боловч одоо бараг мартагдсан гэж хэлж болох байх. Тренд бол байнга өөрчлөгдөж байдаг, ялангуяа орчин цагийн дижтал эринд энэ өөрчлөлт нь бүр ч хурдтай болж байгааг хэдхэн жилийн өмнө олныг шуугиулж байсан утас одоо техникийн болон үзэмж дизайны хувьд хол хоцрогдон гологдож байгаагаар харж болно. Трендийн бизнес санаа олох эрэл хайгуулын үеийн нэг бэрхшээл бол тухайн санаа нь өөр бусад үр ашиггүй, хог гэмээр янз бүрийн санаатай хутгалдан байдаг явдал билээ.
Хэрвээ та ашиг олох жинхэнэ бизнес санаагаа энэ их хог дотроос ялган авах хүсэлтэй бол танп тус болох тусгай сервисүүд бий. Тэдгээрийн тусламжтайгаар та шинэ гарч байгаа, цаашдаа том тоглогч нар үүнийг дэлгэрүүлэн их ашиг олох тэр трэндийг цаг алдалгүй мэдэх боломжтой юм.
4. Тулгарч буй бэрхшээлийг судалж шинжил
Бэрхшээлгүйгээр бизнес маань урагшилна гэж огт үгүй. Та өөрийн бизнес эрхлэх чиглэлийг сонгож, трэндийн дагуу ажиллаж байгаа боловч эцсийн үйлчлүүлэгч тань чухам яг юу хүсээд байгааг сайн мэдэрч чадахгүй байна уу? Үүнийг маш няхуур судалгаагаар олж болно. Таны сонгосон бизнесийн үйлчилгээнд чухам ямар хэсэгт нь үйлчлүүлэгч нар өөрийн цаг, мөнгө, “нерв”-ыг үрж байгааг, ажлын үр дүн яагаад муу байгааг, үүний шалтгаан юу вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ бүхнийг мэдэж тогтоосны дараа та өвчтөнд шидэт эм өгч байгаа эмч мэт болох болно. Ерөнхий дүр зураг нь нэг иймэрхүү байх болов уу:
1. Үйлчлүүлэгч болох хүмүүс нь чухам юу хүсэж байгааг мэдэх
2. Тэд яагаад ийм зүйл хүсэж байна вэ?
3. Тэд хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ?
4. Үйлчлүүлэгч нарын хүслийг биелүүлэх тэрхүү “шидэт эмийг” бий болгох нөөц боломж танд бий юу гэдэг талаар бод
5. Туршиж үз. Таамаг тань зөв эсэхийг шалга
5. Өрсөлдөгч нараа анхааралтай ажигла
Та дөнгөж үүсэн бий болж байгаа трендийн чиглэл сонгон авсан байлаа ч бусад өрсөлдөгч байж болох талуудын шинэ санаа, түүнийгээ хэрэгжүүлж байгаа байдлыг анхаарч судалж байх хэрэгтэй. Та энэ чиглэлд мэргэшсэн, ажил үйлдээ дуртай, тухайн чиглэлийн трэнд барьж авч чадсан байг. Тэгвэл та одоо ажиллаж байгаа, үр дүнгээ өгч байгаа тийм л арга хэлбэрийг ашиглаж тухайн трэндийн шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөх хэрэгтэй юм. Шинээр янз бүрийн юм бодож, олж, зохиох хэрэг үгүй. Apple компанийг аваад үзье. 70-аад оны дунд үед персонал компьютер хийх санаа бий болж Жобс, Возняк, Уэйн нар Apple-ийг зах зээлд гаргасан ба энд шинэ юм юу ч байсангүй буюу IBM зэрэг асар том компаниуд зах зээл дээр адил бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байлаа. Харин дээрх гурав ийм бэлэн санааг авч бага зэрэг өөрчлөн, сайжруулж, шинэ мэт бүтээгдэхүүн гаргаснаар дэлхий даяар алдаршсан тэрбумтнууд болсон билээ. Энэ хүмүүс нь эцсийн хэрэглэгчид персонал компьютер хэрэглэх үедээ ямар бэрхшээлтэй тулгарч болохыг, үйлчлүүлэгч яг юу хүсэж байгааг урьдчилан харж чадсан учраас Apple ийнхүү дэвжин дээдэлсэн юм.
6. Зорилтот бүлэг дээр өөрийн бодсон санасан шинэ зүйлээ туршаад үз
Эцсийн байдлаар бэлэн болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ хийх гэж шууд зүтгэх хэрэггүй юм. Янз бүрийн жижиг сажиг зүйлсийг дараа нь бодож хийж болно. Эхлээд тодорхой хэмжээгээр бэлэн болсон бүтээгдэхүүнээ, тодорхой хүрээнд танилцуулж, хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авч байгааг харах хэрэгтэй. Та зорилтот бүлгээ тодорхойлсон, гарч болох бэрхшээлийг тооцсон бол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ эхний ээлжид өөрийн танилуудад санал болгох хэрэгтэй. Олон хүн байх тусмаа үр дүн нь илүү тодорхой харагдах болов уу. Дараа нь илүү өргөн хүрээнд буюу танилуудын танилд гэх мэтээр өргөжүүлнэ. Хэрвээ таны энэ шинэ санаа нь туршилтад орж байгаа дээрх хүмүүсийн ядаж гуравны нэгийн санаанд нийцэж байвал тэдний хэлсэн бодол санаа, шүүмжийг ашиглан тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрчлөн сайжруулж бөөнөөр нь үйлдвэрлэж, бизнестээ хэрэглэх хэрэгтэй билээ.