Н.Номтойбаярыг эгүүлэн татахаар яригдаж буй гурван үндэслэл
Монгол Улсын Ерөнхий прокурор П.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүнийг эгүүлэн татах гурван үндэслэл бүхий хүсэлтээ өнгөрсөн пүрэв /2020.01.2/ гарагт УИХ-д хүргүүлсэн билээ.
Улмаар уг хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо энэ долоо хоногт багтаан хуралдаж, түүний асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлээд буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ямар асуудлаар эгүүлэн татах вэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нууцлаад байсан. Тэгвэл түүнийг,
Нэгдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл”-ийг батлахдаа хуралдаагүй, хуралдсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, албан тушаалын байдлаа урвуулан, улмаар 29 иргэн, аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож улсад их хэмжээний хохирол учруулсан гэх,
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан төрийн ордонд амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон гэх,
Гуравдугаарт, Нотлох баримтуудыг задруулж, шалгах ажиллагаанд саад болсон гэх,
тус тус асуудлуудыг үндэслэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах гэж буй юм.