Орост "Коронавирус"-ийн халдвар авсан анхны тохиолдол илэрлээ
Лхагва гарагт Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудалд коронавирусын шинж тэмдэг илэрсэн нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Оросын нисэх онгоцны буудлууд Хятадаас ирсэн зорчигчдоос тусгай шинжилгээ авж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд халдвар авсан хүнийг илрүүлсэн байна. Оросын эрүүл мэндийн сайдын орлогч энэ өвчнийг "биологийн гамшиг учруулах боломжтой" гэж мэдэгдсэн байна.
Тус халдвар авсан зорчигч нь Оросын иргэн бөгөөд Шанхайгаас Санкт Петербург хотод нисэж ирсэн байна. Тэрбээр одоо Санкт Петербург хотын халдварт өвчин судлалын Боткин эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
Боткин эмнэлэг утсаар тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгсөнгүй.
"Шинжилгээний дүн гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэж Санкт-Петербург хотын захирагчийн орлогч Анна Митянина хэллээ.
Коронавирус нь энгийн ханиадтай адил шинж тэмдгээр илэрдэг. Тус вирусийн халдвар авсан хүмүүс хамар битүүрэх, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, халуурдаг.
Дархлаа суларсан хүмүүс, өндөр настан, бага насны хүүхдүүдэд тус вирус нь халдмагцаа уушгины хатгалгаа, бронхит гэх мэт амьсгалын замын өвчин үүсгэдэг бөгөөд аажмаар үхэлд ч хүргэх аюултай аж.
Одоогийн байдлаар нийт 291 хүн коронавирусын хадвар аваад байгаа бөгөөд 9 хүн нас барсан байна.