"Huawei"-ийн захирлыг ялтан шилжүүлэх гэрээгээр буцааж авах Хятадын саналыг Канад зөвшөөрсөнгүй
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Huawei" компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг өөрийн улсын 2 иргэнээр солилцож авах Хятадын саналаас татгалзсан тухай "GlobePolitics" агентлаг мэдээлжээ.
"Канад бол хууль дүрэм үйлчилдэг орон" гэж Жастин Трюдо хэлсэн байна.
Хэдийгээр Хятад болон АНУ-ын талууд хэлэлцээр хийн Хятадад хоригдож байгаа Майкл Ковриг, Майкл Спавер нарыг хоригдол солилцоогоор суллах шийдвэрт хүрээд байсан ч Канад улс үүнээс татгалзжээ. Канадын хууль тогтоогчид болон бизнес эрхлэгчид 2 орны дунд үүсээд байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга н хоригдол солилцох юм гэж сануулж байгаа Трюдо тэдний анхааруулгыг үл тоожээ.
"Олон улсын хууль дүрмийг зөрчсөн хүнийг бид зүгээр нэг суллахгүй. Харин Майкл Ковриг, Майкл Спавер нар ямар ч буруу зүйл хийгээгүй учраас бид тэднийг зохих журмаар нь суллуулах болно. Бид энэ тал дээр АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаа" гэж Трюдо мэдэгджээ.
Мэн Ваньжоуг 2018 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Канадын Ванкувер хотын нисэх буудал дээрээс АНУ-ын хүсэлтээр Канадын тал баривчилсан билээ. Мэн Ваньжоуг Ираны террористуудыг санхүүжүүлдэг Хонконгийн “Skycom Tech” хэмээх компанитай холбоотой хэмээн АНУ үзэж байгаа бөгөөд Ираны эсрэг хэрэгжүүлж буй олон улсын хоригийг зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг баривчлах болсон байна.