"Amazon"-ы захирал Жефф Безосын утсыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү хакерджээ
"Амазон" компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян иргэн Жэфф Безосын ухаалаг утсыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман “хакердаж” хувийн мэдээллийг нь хулгайлж авсан тухай "The Guardian" сонинд мэдээлжээ.
2018 онд Мохаммед Бин Салман "What's app" хэмээх мессенжерийн аппликэйшн ашиглан өөрийн утаснаас Жэфф Безос руу нэгэн мессеж илгээсэн байна. Тус мессежийг нээх үед Безосын ухаалаг утас дээрх бүх мэдээллийг илгээгчийн төхөөрөмж татаж авсан болохыг цахим аюулгүй байдлын ажилтнууд илрүүлсэн аж.
Тухайн үед ханхүү Мохаммед Бин Салман Саудын Арабын хааны гэр бүлийг хүчтэй шүүмжилдэг байсан сэтгүүлч Жамал Хашшогийг захиалга өгч Турк дэх өөрийн улсын элчин сайдын яаманд хөнөөлгөсөн болох нь ил болоод байсан юм. Ихээхэн хэмжээний шүүмжлэлд өртөөд байсан ханхүү дээрх шалтгааны улмаас дэлхийн тэргүүн баяны утсыг хакердах болсон гэнэ.
"Саудын Арабыг Жамал Хашшогийн үхлээс болоод тухайн үе хүчтэй шүүмжилж байсан барууны хэвлэлүүдэд нөлөөлөх мэдээлэл олохын тулд Мохаммед Бин Салман тус халдлагыг зохион байгуулсан" гэж АНУ-ын батлан хамгаалах яамны мэргэжилтэн Сара Уитикер мэдэгджээ. Одоогоор Саудын Арабын зүгээс ямар нэг хариу өгөөгүй байна.
Мэдээллээ алдсаны дараахан Жефф Безос нууцаар шилдэг гэсэн мөрдөгчдийг хөлслөн хэн утсанд нь халдсан болохыг тогтоох үүрэг өгсөн аж. Тэр үед тус багийг ахалж байсан Эрик Суливан хэмээх эр "Саудын Арабын тагнуулыг алба Безосын утсанд хийсэн халдлагыг зохион байгуулсан байх бүрэн боломжтой" гэж хэлсэн байна.