"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?
Эршүүд зан чанарын хямрал нь орчин үеийн нийгэмд улам ихээр газар авч байгаа үзэгдэл бөгөөд эр хүн өөрийн эрх ашгийн төлөө тэмцэх чадвараа гээх, алив зүйлийн өмнө бууж өгөх, ямарваа нэг зүйл сонирхохоо болих ... гэх мэтийн өөрчлөлтийг хэлдэг. Чухам яагаад ийм үзэгдэл бий болдог болон түүнтэй хэрхэн тэмцэж болох вэ?
1. Байгаль, нийгмийн нөлөө
Африкийн нэгэн нутагт зааны тоо толгой хэт их болж фермерүүд болон тухайн газар орны экологид сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Нутгийн рейнжерүүдэд үүнийг шийдэх хоёр арга байсны нэг нь буудаж алж эхлэх, нөгөөх нь өөр газар нутаг руу шилжүүлэх явдал байв. Мэдээж хоёр дахь аргыг сонгож авсан ба аль болох залуу заануудыг нүүлгэж байсан нь тэд шинэ газар орчинд илүү амархан зохицох болно гэж үзсэнийх байлаа. Удалгүй шинэ газар ирсэн заанууд тухайн нутаг орноор тэнүүчлэн бусад ан амьтан руу дайрч, алж эхэлсэн байна. Гэхдээ тэд ямар нэг хоол хүнсний төлөө юм уу биеэ хамгаалах гэж бусад амьтан руу дайрч байсан биш ердөө л шинэ нөхцөлд хэрхэн яаж байх тухай ямар ч ойлголтгүй байснаас болж ингэж хачин авирлаж байсныг бүр сүүлд эрдэмтэд тогтоосон байдаг.
Нөхцөл байдал ийм болсон үед юу хийхээ мэдэхээ байсан зоологч нарт “заануудад ямар нэг үлгэр дууриал болох зүйл хэрэгтэй” байж болох тухай санааг хэн нэг нь хэлсэн байна. Ингээд залуу заанууд дээр нас бие гүйцсэн заан шинээр авчрахад хоёроос гурван долоо хоног дотор өмнө тохиолдож байсан замбараагүй явдал үгүй болжээ. Аллага, зэрлэг халдлага довтолгоо хийхээ больж илүү ахмад настай заан нь залуу, нялхыгаа хамгаалах байдлаар сүргийн дотор хэрхэн байх талаарх ойлголт, журам бий болж эхэлжээ.
Энэ бол бид төрөөд эр хүн байхын тулд ямар байх ёстой тухай тодорхой ойлголтгүй байдаг гэдгийг харуулсан жишээ юм. Эцэг эх нь хүүхдүүддээ ямар байх ёстой тухай сургаал зөвлөгөө өгөх байдлаар эр хүн гэж хэн болох, хэрхэн биеэ авч явах талаарх ойлголтыг тархи оюунд нь суулгадаг жамтай. Ер нь эршүүд зан чанарын хямрал гэдэг бол эцэг хүний үүрэг, түүнийг биелүүлэхтэй холбоотой бэрхшээл гэж ойлгож болно. Айлын эрэгтэй хүүхдийн гол үлгэр дууриал болох ёстой эцэг хүний аливаа зүйлийг үл хайхрах байдал нь орчин цагийн нийгмийн нэг гол бэрхшээл болж байгаа бөгөөд уг нь эцэг хүн хүүхэддээ эр хүн гэж ямар байх ёстойг харуулж, ойлгуулах ёстой тэр хүн билээ.
Мөн орчин үед бүтэн гэр бүл доторх өнчрөл гэдэг ойлголт гарч ирсэн ба энэ нь элэг бүтэн айлд өсөх хүүхэд нийгэм дэх амьдралд огт бэлтгэгдээгүй байхыг хэлж байгаа юм.
Тэгэхээр ийм хямралын шинж чанар бий эсэхийг мэдэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Амьдралын янз бүрийн нөхцөл байдал, орчноос шалтгаалан өөрийгөө эр хүн гэж мэдрэх тэр мэдрэхүй нь дутагдаж эхлэх үеэс энэ хямрал эхтэй гэдэг.
Нийгэм, орчны бий болгосон буруу, хуурамч ойлголт нь эр хүний жинхэнэ мөн чанарыг аажуухан халж, байрыг нь эзэлдэг тохиолдол бий. Жишээ нь орчин үед жинхэнэ эр хүний шинж чанарыг илтгэсэн нэг шинж нь хууз сахал гэсэн ойлголт их дэлгэрсэн байна. Энэхүү загвар, моодноос үүдэлтэй ойлголт нь сахал үсгүй олон эрчүүдийг эвгүй байдалд оруулж, өөртөө итгэлгүй байх нөхцөл болох бөгөөд үнэндээ бол энэ нь утгагүй, тэнэг зүйл билээ. Иймэрхүү бодит ойлголтын орон байрыг нөхөн эзлэх хуурамч зүйлээс хол байх ёстой гэдэг ойлголт бидний хувьд их чухал юм. Ингээд чухам ямар зүйл биднийг жинхэнэ эр хүн, эршүүд зан чанартай болгодог юм бол?
2. Эр хүний зан чанар
Тулалдахын тулд...
Аливаа бэрхшээлийг давах, ялан дийлэх гэдэг зан бол эр хүн бүрийн нэг мөн чанар. Бид алив зүйлийн манлайлагч болох гэж өрсөлдөн тэмцэлдэх бөгөөд чухам иймэрхүү тэмцэлдээний явцад л хэн нь тэрхүү “номер 1" вэ гэдгийг тодруулдаг билээ.
Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн өвөрмөц чанар бий. Хэн нэг нь ажил дээрээ сарын төлөвлөгөөгөө цагт нь биелүүлэх гэж зүтгэх нь хамгийн чухал тэмцэл бол өөр нэгэнд нь бүх л улс орныг унадаг дугуйгаар тойрох, нөгөө нэг нь ринг дээр гарч хэн нэгэнтэй хүчээ үзэн ялан дийлэх нь тэдний өрсөлдөн тэмцэх, ялан дийлэх гэсэн хүсэл мөрөөдөл нь байж болно. Эцсийн дүндээ энэхүү төгсгөлгүй үргэлжлэх өрсөлдөөн тулааныг бид өөрийн гэсэн зорилготой болохын тулд, түүндээ хүрэхийн тулд бий болгож байдаг зүйл юм.
Адал явдлын эрэл
Адал явдал гэдэг өөрөө сонирхол татаж зүрх хөөргөсөн зүйл бөгөөд эцсийн зорилго биш харин ямар нэг аялал адил зүйл. Та машинтай бол түүнийг унаж явах төдийгүй хэзээ нэгэн цагт машиныхаа хүч чадлыг, эргэх чадвар... зэрэг олон зүйлийг нь мэдэх гэж оролдох болно. Өөр нэг нь шинээр залуу бүсгүйтэй танилцах нь түүний хувьд адал явдал бол нөгөө нэг нь ямар нэг будлиантай, хориотой үйл хийхийг ёстой адал явдал гэж үзнэ. Бид бүгд өөрсдийн гэсэн арга замаар амьдралдаа шинэ өнгө будаг, адреналин нэмж, зүрх сэтгэлээ илүү хүчтэй цохилуулан байдаг билээ.
Төгс төгөлдрийн эрэл
Төгс төгөлдөр гэдэг зүйлийг бид гоо сайхан эмэгтэй хүнээр төсөөлдөг. Эр хүн болгон сайхан царай зүстэй, ухаантай, дур булаам бүсгүйтэй ойрхон байхыг хүснэ. Ийм бүсгүйтэй цуг байх нь эр хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, нэр сүрийг өндөрт өргөж байхаас гадна зүгээр таатай сайхан зүйл. Олон эрчүүд ийм төгс төгөлдөр бүсгүй олж чадахгүй байгаагаас болж депресст орох нь элбэг.
3. Жинхэнэ эршүүд чанар гэж андуурдаг хуурамч 4 чанар
Бэлгийн харьцаатай хүний тоо: Олон эрчүүд хэдий чинээ олон эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн байна төдий чинээ өөрийгөө жинхэнэ эр хүн гэж ойлгодог. Та нээрээ чадвартай залуу бололтой боловч олон эмэгтэйчүүдийн толгойг эргүүлэх нь гал түймрээс хүн аврахаас илүү баатарлаг зүйл огт биш. Энэ бол эршүүд чанарын тухай худал ойлголт юм.
Том булчин шөрмөс: Биеэ эрүүл чийрэг байлган спортоор хичээллэх нь маш хэрэгтэй зүйл. Гэхдээ том булчин шөрмөстэй болонгуутаа өөрийгөө мундаг эр боллоо гэж бодох нь элийрэл юм. Энэ бол ердөө л гаднах өнгө будаг бөгөөд харин ч олон эрчүүдийн өөрийнхөө дотоод сэтгэлийн хүч тамир, хатуужилтай болгох гэсэн тэмүүллийг дарж оронд нь өөрийн бие бялдрын гадаад өнгөнд анхаарсан, Инстаграмм дээр зуу зуугаар тоологдох зураг нийтлэх гэсэн хүсэлтэй болгох нэг буруу чиглэл байж болох юм шүү.
Мөнгө: Мөнгөтэй хүн боллоо гээд хүнлэг зан чанарын тухай мартаж болохгүй. Хэрвээ та байнга ямар их мөнгөтэйгөө бусдад сануулдаг, эсвэл бага цалинтай найзынхаа хажууд их мөнгө олдог гэдгээ сайрхах дуртай... гэх мэтийн арга замаар гайхуулдаг бол чи эр хүн гэхээсээ илүү өөдгүй новш байж таарна. Жинхэнэ мөнгөтэй хүн бусдын өмнө өөрийнхөө зузаан түрийвчтэйг гайхуулаад байлгүй харин тусламж хэрэгтэй болсон хүнд нэмэр тус болох арга замыг хайж байдаг билээ. Ийм хүн л төлөвшсөн, өөртөө итгэлтэй хувь хүн байдаг.
Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх: Кинонд гарах ямар нэг гунигтай үед хамаг чадлаараа уйлж дуулах, эсвэл баярлаж байна гэж тэнгэрт гартал үсрэн дэвхцэх тухай яриагүй байна. Ер нь бол эр хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг байх хэрэгтэй болохоос нуух хэрэггүй юм. Хэрвээ танд уйтгар гунигтай байгаа бол өөрийн ойр дотнын хүнд хэлж болох ба баяр баяслаа бусадтай хуваалцах нь байх ёстой зүйл. Сэтгэл хөдлөлөө байнга дарж, нууцлан байх нь яваандаа таныг ямар ч сэтгэл хөдлөлгүй өөдгүй хүн болгох юм уу эсвэл 40 хүрэлгүй зүрхний өвчнөөр өвдөн хэвтэх хүн болгож магадгүй юм.
4. Бэрхшээлтэй нүүр тулах
Таны буруугаас болж ямар нэг хүнд хэцүү нөхцөл байдал бий болоход хариуцлагыг нь хүлээх чадвартай байх зориг хүчийг өөртөө бий болгох хэрэгтэй. Таны найз бүсгүй жирэмсэн болсон бол түүнээс зугтан зайлах , эсвэл тэр бүсгүй өөрөө буруутай гэж үзэх нь эр хүний шинж огт биш. Энэ нь зам тээврийн осол хийгээд бушуухан шиг хүнд харагдахгүй гэж зугтан зайлж байгаатай адил өөдгүй хэрэг юм. Чи хийсэн зүйл болгоныхоо төлөө ямар нэг хариуцлага үүрнэ гэдгээ мэдэж, түүнээс айхгүй, хариуцлага хүлээх зоригтой байх нь та амьдралд илүү ухаантай ханддаг болсны шинж бөгөөд элдэв стресс ч бага байх билээ. Тулгарсан бэрхшээлийг нүд анин өнгөрөөх нь өөр бас нэг бэрхшээл авчрах байдлаар тасралтгүй үргэлжилнэ. Ийм байдал нь яваандаа таныг эвдэн, эр хүн биш болтол тань үргэлжилсээр байх билээ.
5. Та өөрийнхөө эр хүн байхын баталгаа
Эцсийн дүндээ таны хийж байгаа үйлдэл тань таны ирээдүйг тодорхойлно. Гаргасан алдаандаа хэн нэгнийг буруутгах байдлаар өөрийгөө өмгөөлж хаацайлж болох ч бүхнийг шинээр эхлэх боломж танд үргэлж байх билээ. Орчин үеийн энэ аймшигтай хатуу амьдралыг зүхэн уйлан зовох уу, эсвэл өөрийгөө өөд нь татаж, тэмцэж, жинхэнэ эр хүн шүү гэдгээ орчин тойрныхондоо батлан харуулах уу гэдэг бол таны сонголт билээ.