АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийэх төвийн төлөөлөгч тус улсын нутаг дэвсгэрт шинэ төрлийн “2019-nCoV” буюу коронавирусын халдвар авсан тохиолдол илэрсэн болохыг мэдэгдсэн байна.
Тус халдвар авсан хүн АНУ-ын иргэн бөгөөд 30 настай, Вашингтон мужийн оршин суугч юм. Тэрбээр Хятад улсаар аялж байх үедээ халдвар авсан нь илэрсэн бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Хятадын эрүүл мэндийн байгууллагууд болон ДЭМБ короновирус нь хүнээс хүнд халдварлах "тодорхой нотолгоо" байхгүй гэж мэдэгдсэн юм. Мөн Хятадын эрүүл мэндийн ажилтнууд шинэ коронавирус нь зөвхөн амьтнаас халдварладаг болохыг нотлохоор ажиллаж байна. Гэхдээ Тайланд улсын эрүүл мэндийн удирдлагууд мэдэгдэлдээ "Хүнээс хүний халдвар дамжих боломжийг хасахгүй" гэж дурдсан нь аж.
Одоогийн байдлаар шинэ коронавирус нь SARS болон MERS шиг амьтны гаралтай болохыг тогтоогоод байгаа. Тус вирусийн шинж тэмдэг нь халуурах, ханиалгах зэрэг бөгөөд олон өвчтөн амьсгалахад хүндрэлтэй болгодог юм.
Хятадад одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 200 давсан бөгөөд зургаа хүн нас барсан болохыг Ухань хотын эрүүл мэндийн төв мэдэгджээ. Коронавирус тус улсын Ухань, Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад дэгдээд байгаа гэнэ.