Хүн бүр хурдан унших боломжтой юу гэдэг талаар та бүхэнд өөрийн судалгаа, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцож байсан туршлага дээр үндэслэн мэдээлэл өгье.
Сургуульд 1-р ангид байхдаа л бид хэрхэн уншихыг заалгасан. Харамсалтай нь үүнээс хойш унших хурдаа нэмэхтэй холбоотой оролдлого хийж байгаагүйгээс бид насанд туршдаа бага ангид заалгасан, дадал болсон тэр хурдаараа л ном уншиж байна. Оюутан болоод унших их хэмжээний материалаас шалтгаалан бидний унших хурд минутад 200 руу ордог хэдий ч ажил дээр гарсан цагаас эхлэн хурд буурдаг. Энэ нь уншиж буй зүйлдээ хянуур хандан илүү сайн уншиж ойлгохын тулд удаан унших ёстой гэсэн буруу ойлголтоос үүдэлтэй.
Тэгвэл хүн бүр хурдан унших боломжтой юу?
Хурдан уншлага бол уншлагын дэвшилтэд арга техник бөгөөд нүдний идэвхтэй харах талбай (хэвтээ, босоо тэнхлэг)-г нэмэхтэй холбоотой нүдний тусгай дасгалуудыг, ойлгоц хөгжүүлэх дасгалуудтай хослуулж хийснээр минутад унших үгийн тоог тодорхой хувиар нэмж илүү сайн ойлгож санах ойлголт юм.
Монголын Оюун Ухааны Академийн судалгааны баг 2011 онд 500 гаруй томчуудаас хурдан уншлагын судалгаа авсан байдаг. Хамгийн гол нь судалгаа авах үедээ тэдгээр хүмүүст хандан энгийн үед хэрхэн уншдаг тэр хурдаараа уншиж, мэдээллээ эргэн санахыг хүссэн юм. Судалгааны үр дүнд дундаж хурд нэг минутад 163 үг, ойлгоц 85 хувьтай гэсэн дүн гарч байсан.
Тэгвэл минутад унших үгийн тоог зөв дасгал сургуулилтын үндсэн дээр 500-1000 үгт оруулах бүрэн боломжтой юм. Уншиж байх үед тохиолддог хамгийн гол асуудал бол тархинд хийсвэр бодол (жишээ нь, маргаашийн хурлын талаар бодох, хүүхдээ цэцэрлэгээс нь авах г.м) эргэлдсэнээр нүд хэдий текстийн мөр бүр дээр гүйж байгаа хэдий ч уншиж буй зүйлдээ төвлөрөх боломжгүй болдог. Тэгвэл хүний тархи 1 минутад хамгийн багадаа хүлээж авч боловсруулах үгийн тоо 500 байдаг гэж үздэг. Гэтэл минутад 150 үг уншиж байгаа хүний тархины үлдсэн орон зай (350 үг)-нд хийсвэр бодлууд эргэлдсэнээс анхаарал сарниснаар үр дүнтэй уншдаггүй гэсэн үг. Тэгвэл хүн хамгийн багадаа 500 үг уншдаг болсноор тархинд хоосон орон зай үүсэхгүй, ингэснээрээ анхаарал бүрэн төвлөрнө. Төвлөрснөөрөө илүү сайн ойлгоно гэсэн энэ энгийн логикоос харж болно.
Хурдан уншлагаар хамгийн багадаа 12 настай хүүхэд хичээллэх боломжтой. Учир нь 12 нас хүртэл хүүхдийн нүдний булчингийн хөгжил явагдаж дуусдаг гэсэн судалгаа байдаг. Үүнээс бага насанд нь нүдний хамаагүй хүнд нүдний дасгалуудыг хийлгэснээр нүдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Фитнестэй зүйрлэж яривал бага насны хүүхдийг төмөр өргүүлж, хүнд дасгал хийлгүүлдэгүйтэй адилхан юм. Дээрээс нь 12 хүртэлх насанд хүүхдийн үгсийн сан хангалттай түвшинд хүрдэг учраас уншсан зүйлээ ойлгох, санахад бэрхшээл учрахгүй.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд "Хурдан уншлага"-ыг "Фото уншлага"-аас ялгаж ойлгох хэрэгтэй. Хурдан уншлагын хувьд хамгийн дээд хурд 1350 үгт багтдаг. Үүнээс дээш бол фото уншлага гэж үздэг. Бид минутад хэдэн арван мянгаар нь хурдан уншдаг хүмүүсийн талаарх түүхийг сонсож л байсан. Гэхдээ яг албан ёсны тэмцээн нь 2000 оноос явагдаж эхэлсэн бөгөөд хэдэн мянгаар уншсан тохиолдол өнөөдрийн хүртэл гараагүй байна. Дэлхийн олон оронд хэдэн мянгаар нь уншдаг гэсэн мэдээлэл, бичлэг байдаг л даа. Гэхдээ тэмцээн уралдаанд оролцохыг урихад хэн нь ч ордоггүй гэдгээрээ энэ хүмүүс хурдан уншдаг нь үнэхээр үнэн үү, худал уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Одоогоор буюу 2017 оны 1 сарын байдлаар албан ёсны тэмцээнд 1 минутад хамгийн өндөр хурдтай уншсан нь Ибрахим Мурат 1246 үг уншиж агуулгаа санаснаар албан ёсны дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.
Миний хувьд хурдан уншлагаар олон улсын тэмцээнд оролцсон анхны монгол тамирчин гэж бүртгэгддэг. Анх 2006 оноос хурдан уншлага сэдвийг судалж хичээллэн 2008 оноос өнөөг хүртэл хурдан уншлагын олон улсын 5 тэмцээнд орж байснаас анх 2008 онд Туркийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Хамгийн сүүлд нэг сарын өмнө АНУ-ын Лас Вегас хотноо оюуны спортын хамгийн том тэмцээн болох 4 жилд нэг удаа зохиогддог тэмцээнд оролцож хурдан уншлагын төрөлд нэг минутад 998 үг уншиж агуулгаа санах хувиар 9-р байрт орсон юм. Эдгээр тэмцээнд оролцсоноороо юу батлахыг хүссэн гэхээр хүн бүрт хурдан унших нөөц боломж байдаг гэдгийг л харуулах байлаа. Би чадаж байвал, та ч чадна гэсэн үг.
Хурдан унших аргачлалд суралцсан хэн нэгний хувьд унших материалаас хамааран унших хурд өөрчлөгддөг. Энгийн үг хэллэгээр бичигдсэн сонин, сэтгүүл, зохиолын ном зэргийг дээд зэргийн хурдаар уншдаг бол мэргэжлийн үг хэллэгтэй ном бүтээл уншихад энэ хурд буурна. Гэхдээ аргачлал эзэмшээгүй хүний хажууд хамгийн багадаа 2 дахин хурдан уншиж, ойлгож чадна.
Зөв дасгал сургуулилт, хичээл зүтгэлээр та 3 долоо хоногт өөрийн одоогийн унших хурдаа 2-5 дахин хурдтай болгож, илүү сайн ойлгох боломжтой юм.
Эцэст нь хэлэхэд унших зүйл их, унших цаг гарахгүй байна гэдэг бол зөвхөн ШАЛТАГ юм шүү.
Танд амжилт хүсье!
Туркийн хурдан уншлагын тэмцээний дэд аварга
Х.Хатанбаатар
2017.01.21
14:40 цаг