Монголын эдийн засгийн саалийн ганц сүүтэй үнээ Эрдэнэтийн баялагийг эх орны үнэнч хөвгүүд хэмээн нэрлэгдэж байсан энэ улсын үндэсний баячуул ээлж дараалан эмх цэгцтэй цэвэрхэн, цэгцрүүхэн идэж байсан бололтой.
Анхны монгол захирал Ш.Отгонбилэг, залгаад Х.Наранхүү, Д.Дорлигжав, Ч.Ганзориг, Ц.Даваацэрэн нар хань хамсаатантайгаа хувааж хоосолж, түмэн төрлийн бараа материал шахаж төгрөг долларыг урсгаж байв. Улс орны уул уурхай, газрын тосны үйлдвэрлэлд урдах ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын хөл гар, хошуу ам хамгийн түрүүнд оролцож байдаг, хөдөлгөөнгүй ноцтой баримт мөн. Дэлхийн уул уурхайн магнатууд тухайн буурай орны баялагийг хамгийн том дарга нартай хуйвалдаад хэдхэн жилийн дотор ховх сорж хиймэл дагуулаас тод харагдах том нүх үлдээж орхидог удаатай. Энэ тухай америкийн нэрт зохиолч Марк Твен 85 жилийн өмнө “Уурхай бол өнгөн хэсгийг далдалсан газар дорх нүх” хэмээн бичсэн байдаг.
Алтан дэлхийн уул уурхайн салбарт Австрали, Канад улсын ашигт малтмалын хөгжил асар их нөлөөтэй. Австрали улс Их Британы, Канад улс Америкийн гадаад дотоодын гар хөл, гогцоо түгжээ, бууны нохой, будлианы хутгуур гарцаагүй мөн гэдэг. Алдарт Рио Тинто австралид бүртгэлтэй байдаг гэсэн. Төв, Зүүн өмнөт ази, Африкт 25 жил ажилласан, Домиканы уурхайд алт илрүүлж, Индонез улсад ерөнхий инженер, Австралид төслийн менежер явсан Билл Турнер гэгч дээхнэ үед Заир нэртэй, сүүлд Ардчилсан Конго улсын хил дээр Америк болон Европын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх 24 их наяд долларын өртөгтэй арвин баялагийн нөөц олсон аж. Тэрээр уурхай нээгдэхэд байсан ерөнхийлөгч Мобутугийн Швейцар улс дахь хувийн дансанд 4 тэр бум доллар шилжүүлж, дараах ерөнхийлөгч Иосиф Кабилагийн баруун гар Катумба Мванкег өөрийн уурхайн төлөөлөн удирдах зөвлөлд оруулжээ. Яг ийм нөхрийг тэр удаан хайж байгаад, тэгээд олсон аж.
Норвеги зэрэг хөгжилтэй орнууд ашигт малтмалын цэвэр ашгийн 95 хувийг улсдаа авдгыг ухаарсан Конго улсын Анвил уурхайн хажууханд байсан тосгоны иргэд арван дөрвөн жилийн өмнө тэмцэн боссон ч уурхайн хамгаалтынхан, засгийн газрын цэргүүдэд хүүхэд хөгшингүй буудуулж хядуулсан гунигт түүх байна. Уурхайн хүнд даацын машинаар алагдсан шархадсан иргэдийг зөөн урсгал ус, уул хөндийн нүхэнд чулуудаж байсан, хорин нэгдүгээр зууны ховорхон түүх шүү дээ. Эрдэс баялагийн шуналын биелэл ийм уурхай энэ дэлхийд хэдэн мянгаараа байдаг гэсэн.Манай улсын Оюу толгой энэ уурхайн баараггүй төлөөлөл, баталгаатай жишээ юм. С.Баярын засгийн газрын үед С.Баярцогт, Д.Дашдорж, Л.Гансүх нарын сайдуудтай Оюу толгойн удирдлага орчлонд байгаагүй, байхгүй гэрээ байгуулан нэртэй ухаантнуудын нүдийг орой дээр нь гаргаж байсан, одоо яг хэвээр байна, улам дордсон. Энэ дөрвөн нөхөр их хэмээний авилгал авсан гэдэг, энгийн бидний эмгэн өвгөнд хүртэл тодорхой бололтой.
2012 онд Н.Алтанхуягаар толгойлуулсан Ардчилсан намынхан засгийн эрхэнд гарч Оюу толгойн онцгүй гэрээг онгичиж үзье, авилгалын хэргийг анхаарч харая хэмээн ярьж эхлэхэд С.Баяр гадаад уруу зугтсан, Д.Зоригт нам жим алга болсон, Л.Гансүх нүүрсний хэрэгт холбогдоод нэг биш байсан болохоор Оюу толгойн удирдлагууд төрд ганцаараа томоохон алба хашиж үлдсэн С.Баярцогттой уулзаж:
“Чи манай уурхайтай байгуулсан гэрээгээ хамгаал, тэгэхгүй бол та нарын авилгалыг дэлгэнэ, эхний ээлжинд чиний Швейцар улсын банк дахь 9 сая долларыг сануулга болгож цухуйлгалаа.” гэсэн байх талтай.
Өмдөндөө сарьсан эрхэм дарга өглөө нь албан тушаалаа өгөөд, өөрийнх нь үгээр явахгүй зөрөөд байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж өөрөө том тушаалд дэвшээд нэг тэрэгний хоёр дугуй Ч.Сайханбилэгээр Засгийн газраа удирдуулаад түр чимээгүй болгов. Тэрээр хэдийд ч шийдэгдэхгүй хэн ч бодож чадахгүй, 20 мянган хувьсагчтай гэрээ гэж галзуугийн эмнэлгийн орон дээрээс айлдмаар зүйл ярьж байлаа. Энэ үйлдлүүдийн төлөө сансрын тойргоос ч Сангажвын хүүг барьж авчраад цаазаар аваад Цагаан давааны энгэрт цайвар хавтангийн дор цементлэвэл шуналын шулам нэгээр цөөрөх болов уу, үгүй болов уу.
Засгийн шинэ тэргүүн Дубайд харайж очоод дордуулсан гэрээнд гарын үсэг зураад жинхэнэ бантан болгов. Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд олон жил байгаа Н.Багабанди гэж бас шуналын шулам байна. Мөнгөн бүсээ голж алтан бус захиалаад, саяхан тэтгэврийн өр тэглэх сургаар монголын банкнаас зээл авсан аваагүй гэж маргаад үнэн шогтой үндэсний удирдагч юм даа. “Муу хүмүүсийн үйлдсэн явдалд шударга ёс тогтоох аюултай хэрэг” хэмээн 268 жилийн өмнө Францын гүн ухаантан, яруу найрагч Вольтер бичиж байв.
Ардчилсан монголын Оюу толгой бол асар их баялагаа цөлмүүлж буй Африк тивийн Конго улсын Анвалын уурхайн монгол дахь хувилбар. Тэрнийг дагаад Цагаан суваргын орд, Дайчин тамсаг, Асгатын мөнгөний орд, Таван толгой, Салхитын орд, Төмөртийн цайрын уурхай, Цахиурын уурхай цуваад, эгнээд явж байна. Бүх уурхайн ард эзэн гэж гадны нөхөр, бүрэн эрхт монгол улсаа бүтнээр зарахаас үл буцах бүдүүн монгол дарга гэж байдаг. Нийслэлд нүүрээ нуусан нэг хоёроор тогтохгүй улаан хамгаалагч том дарга нар байгаа. Австрали улс ар монголчуудыг аятайхан хүлээж аваад, ажил сурлагаар хангаад байгааг муу санааны үүднээс тунгаахад Оюу толгойг монголд алдахад хүрвэл тэдгээр иргэдийг ашиглана хэмээн санаж болох юм. Тэд уурхайн баялагийн талаар тодорхой туршлагатай, тэгж бодож чадах туйлын ухаантай хүмүүс билээ. Дорой буурай орныг дэлхийн уул уурхайн боссууд дэндүү дээрлэхдгийн тод жишээ Монголын Оюу толгой маргаангүй нэгэн боллоо.
Д.Сэнгэдорж