"Эмчээ энэ ханиадыг яаж дарах вэ?" гэсэн чат их ирэх боллоо.
ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн төвөөс 2019/12 сард гаргасан Вирусын тандалт судалгааны дүнгээс харахад Амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч Томуугийн В хүрээний вирус, Риновирус, Коронавирус (Хятадад шинээр бүртгэгдсэн коронавирус биш), Иж томуу, Аденовирус тус тус илэрсэн байна. Эдгээрээс томуугийн В вирус давамгай илэрчээ.
Иймд энэ төрлийн ханиад хүрсэн бол антибиотик эмчилгээ үр дүнгүй тул дархлаагаа дэмжих замаар ханиадаа эдгээх боломжтой. Дархлааг дэмжиж, вируст нөлөөлж ханиадыгг шууд эдгээчихдэг эмийг анагаах ухаан одоогоор нээгээгүй байгаа тул идээ ундаа, идэвхтэй хөдөлгөөндөө анхаарч тамираа тэтгэснээр ханиадыг хурдан дарах боломжтой юм.
Шинж тэмдэг дарах эм санал болгохоос илүү тамир тэтгэж ханиадыг дарах уламжлалт нэгэн жорыг та бүхэнд санал болгохыг хүслээ. Энэ бол "Аарцтай адууны мах, саримстай шөл" юм. Монголчууд идэр есийн хүйтэнд халуун чанартай адууны махыг сонгон хэрэглэхдээ халдварын эсрэг үйлдэлтэй саримс мөн уураг, витамин с-ээр баялаг аарцтай хавсран хэрэглэж ирсэн. Аарцтай адууны махтай шөл нь хийг дарж тамирыг тэтгэх амин шим агуулсан жор юм.
Хийхэд ч энгийн. Хүйтэн усанд адууны мах, саримсаа хийж шөлжүүлээд, буцалсан шөлөндөө аарцаа хийж хутгаад л амин шимт шөл бэлэн болно. Хийхэд хялбар мөртлөө биед тустай уламжлалт энэхүү шөлийг орой унтахдаа уугаад салхи авхуулалгүйгээр хөнжилдөө орж унтах хэрэгтэй.
Уламжлалт идээ ундаагаараа биеэ тэжээн тэтгээрэй гэж зөвлөх байна.
Хүндэтгэсэн,
Цахим Эмч