З.Энхболдын нэр хүндэд халдсан хэмээн Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Зөрчилд холбогдогч Э.Бат-Үүл нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Эрдэнийн Бат-Үүл нэртэй твиттер хуудсанд “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаам цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ!
З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” гэх сэтгэгдэл оруулж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогджээ.
Э.Бат-Үүлд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Дээрх хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР