Монгол хүүхэд бүр багадаа элдвийг сэтгэж, нум сум хийж харван тоглож өсдөг билээ. Миний хүүхэд нас мөн л тэдний адил өрнөн өнгөрсөн юм. 2003 оны зун юм уу даа.
Ээж минь Өвөрхангай аймгийн Хужирт сум уруу ажлаар явахад нь дагаад хамт явсан юм. Тэнд ээжийн маань хүүхэд бага насандаа тамирчин байсан үеийнх нь найз, Хужирт сумд олон төрлийн спортыг хөгжүүлж, амьдралаа спортын төлөө зориулсан эрхэм хүний гэрт зочилсон билээ. Энэ эрхэм бол спортынхон дундаа, тэр тусмаа цанын спортод нэр алдар нь түгсэн Ганпүрэв багшийнх байв.
Гэрт нь ороход халуун дулаан уур амьсгал өөдөөс угтаж, хэдэн тэрсхэн охид тоглон, олон хүн орж гарсан хөл ихтэи айл байлаа. Гэрийнхээ хойморт 3 ширхэг нум сум өлгөсөн байсан нь миний сонирхлыг ихэд татав.
Ингэж би анх удаа нум сумыг биетээр үзэж, түүнийг барьж бас харваж үзэх шохоорхолд автсан юм.
Тухайн үед би ээжээсээ "Та найздаа хэлээд нэг нум сумыг нь худалдаад аваад өгөөч. Би харваж сурмаар байна." гэж ихэд гуйсан боловч Ганпүрэв ахын охидын нум сум байсан бөгөөд зарж болохгүй үнэ цэнэтэй зүилс байжээ.
Харин Ганпүрэв ах надад нэг зүйл хэлсэн нь "Дараа жил чи манайд ирээд 7 хоноод яваарай. Тэр үед би чамд яаж харвадаг талаар зааж сургаж өгнө. Яаж харвах, нумыг яаж хэрэглэхээ мэдэхгүй бол чи нум сумаа дорхноо эвдэнэ. Энэ бол тоглоом биш" гэдгииг хэлж ойлгуулсан билээ. Би тэр зун хөдөө буурай ээжийндээ баихдаа элдэв мод, хулс цуглуулан жижиг нум сум хийж, харваж тоглож байв. Аил саахалт явсан Батдэлгэр ах маань "Үгүй ээ, энэ Нэргүйн хүү Хуягаа дандаа нэг хачин жигтэй юм хийж явах юм. Жаахан хүүхэд шиг дэмий юм хиигээд л" хэмээдэг сэн.
Түүнээс хойш нэг жил даруй өнгөрөв. Хүсэн хүлээсэн дараа жилийн хавар болж, хаврын амралтаараа Хужирт сумд очиж Ганпүрэв ахынд зочлов. Хаврын хавсарга нүүр нүдгүй шуурч, тухгүй байсныг яана. Олон өдөр гарч харвах боломж нөхцөл ч олдоогүй боловч хэд хэдэн удаа гарч харвасан. Тэр үед ах маань "Сумаа нумынхаа баруун талд тавьж болно. Үүнийг халх харваа гэдэг. Харин зүүн талд тавьж харвабал орчин үеиин харваа" гэж сурган чиглүүлэв.
Би хоёулангаар нь харваж сурсан бөгөөд өдөр хоногийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөж, сургах гэж хичээж баисан нь маш сайн багш байсныг илтгэнэ. Нэг өдөр мужаан найзындаа очиж сум хэрхэн хийх, тасын өдыг цуулж сумандаа өд наахыг зааж өгсөн юм. Өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд 14 хоногийн амралт дууссан байв. Ингээд би аав ээжийнхээ унаган нутгаас зорилгоо өвөртөлж аваад, замын машинд суун гэриин зүг хөдөлсөн юм даа.
Одоогийн миний харваа, намнаа өв соёлд багагүй хөгжил авчран амжилттай явааг минь харж чадалгүй эрт нисээд явчихсан эрхэм ах, анхны харвааны багшаа дурсан бичив.
Үргэлжлэл бий......
Намнаа клубыг үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг.