Амьтны эрхийг хамгаалах "PETA" байгууллага Монголын Ноос Ноолуурын холбоог шүүмжилсэн захидал илгээжээ
Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллага болох "PETA"-ын ази дахь салбар "PETA Asia Limited" саяхан монголчууд ямааны ноолуурыг хэрхэн авч байгааг харуулсан видео цахим ертөнцөд байршуулж, багагүй шүүмжлэл, маргаан дагуулсан билээ.
Ялангуяа Монголын Ноос Ноолуурын Холбоо монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаадын улс орны иргэдэд буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацсан хэмээн "PETA Asia Limited"-г шүүмжилсэн юм.
Тэгвэл "PETA Asia Limited"-ийн төлөөлөгч Монголын Ноос Ноолуурын Холбооны мэдэгдэлд хандан дараах захиаг манай сайт руу илгээснийг орчуулан хүргэж байна:
Би "PETA Asia Limited" байгууллагад зөвлөгөө өгдөг хуульч юм. Монголын Ноос Ноолуурын Холбоо "PETA Asia" нь Монголын ноолуурын салбарыг доромжилсон, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацсан гэж мэдэгдээд байгаа. Танай холбооны гаргасан тайлбар нь өөрөө биднийг гүтгэсэн, үнэн зөв байдлыг үл харгалзан "PETA Asia"-ийн нэр хүндэд халдах гэсэн ил тод оролдлого юм.
Тухайн видеог бүхэлд нь Монгол улсын газар нутаг дээрх нядалгааны газарт гэрчүүдийн нүдээр хийсэн билээ. Видео бичлэг дээр нядалгааны ажилчид ямааг дээш өргөн газар хаяхад хэрхэн хашхирч байгаа, хөдөлгөөнийг хязгаарлахын тулд хөл, эврийг нь уяж, хүчээр доош нь дарж, эвгүй байрлалд бөхийлгөж, ямааны арьсыг хурц металлаар урж хаяж байгааг харуулсан болно.
Нядалгааны газарт ажилчид ямааг нэг мөчнөөс нь бариад шалан дээр чирч, газар савж, мэдээ алдуулалгүй хоолойг нь хэрчиж, ижил байдлаар амиа алдсан ямаануудыг хэрхэн овоолж байгааг мөн харж болно. Мөн Монгол орны өсөн нэмэгдэж буй ямааны тоо толгой хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж буй нь аль хэдийн батлагдсан зүйл билээ.
Дээрх гэрчүүдийн өмнө хийсэн бичлэг дээрх үйл явдал дээр танай байгууллага болоод ажилчдын талаар нэг ч үг дурдаагүй бөгөөд бүгд үнэн, зөв баримт нотолгоо юм. Энэ нь олон нийтийн суртал ухуулгын хүрээнд хамгаалагдсан чухал баримт юм.
Дээрх үйл явдал Монголд болоогүй, эсвэл таны хэлсэнчлэн дээр дурдсан бүх зүйл хуурамч гэдгийг нотлох нотолгоотой бол "PETA Asia"-руу түүнийгээ илгээнэ үү. Танай холбооны үндэслэлгүй мэдэгдлийг батлах нотлох баримт байхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа бөгөөд танай талыг нэн даруй худал мэдэгдлээ татан буулгаж, цаашид дахин хэвлүүлэхээс татгалзахыг шаардаж байна.
Гүнээ хүндэтгэсэн
Жаред Гүүдмэн /Jared Goodman/
"PETA Asia"-ийн шүүмжлэл дагуулсан бичлэг