Долларын ханш 2750 гарлаа
Манай улсын валют болох төгрөгийн ханш улам навсайлаа.
Айрагтай Түүх Лайваараа би өмнө нь Ромын эзэнт гүрэн өөрсдийн валют Динарынхаа ханшийг суллаж алдсанаар хэрхэн мөхсөн тухай. (Атилла мөхөөсөн юм биш)
Монголын Юань гүрэн цаасан мөнгө Чаогийнхаа ханшийг алдсанаар хэрхэн мөхсөн тухай (Яагаад тариачид бослого гаргасан юм бэ) тус тус тодорхой тайлбарласан.
Ард түмний төрд итгэх итгэлийг хангадаг хүчин зүйл нь цэрэг, цагдаа, арми биш харин төрөөс гаргасан мөнгөн тэмдэгт буюу валют байдаг юм. Хэрэв иргэд энэ валютад нь итгэхээ больвол улс мөхдөг, ийм л зүй тогтлыг түүх бидэнд харуулж байгаа юм. Тийм учраас үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтвортой барих нь төр, улс оршин тогтнох баталгаа болдог аж.
Төр буюу Монголбанкны өмнө олон зорилго тавигддаг. Иргэдээ ядуурлаас гаргах зорилгын хүрээнд төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой барих хэрэгтэй. Инфляцийг нам дор төвшинд байлгах хэрэгтэй болно. Сард авч байгаа цалин 1 сая төгрөг маань жилийн дараа гэхэд худалдан авах чадвар нь суларснаас болж амьдралд маань хүрэхээ больж болохгүй. Тийм учраас дэлхийн төв банкууд инфляцийг жилийн 1-2 хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилт тавьдаг. Инфляци 3 хувиас давбал тогтворгүй гэж үздэг. Харин манай Монголбанк маань инфляцийг 8 хувьд барих зорилт тавиад олон жил болж байна.
Харин 2019 онд инфляци 5 орчим хувьтай байжээ. Энэ бол Монголбанк бүхэл бүтэн 300 пунктээр зөрүүлж тооцоо, таамаглал хийдэг, найдваргүй итгэлгүй институт болсон гэсэн үг үү. Эсвэл бид зорилтоо өөрчлөх ёстой юу гэсэн асуултуудыг гаргаж ирж байна.
Инфляциас гадна ядуурлыг өдөөдөг нэгэн хүчин зүйл нь төгрөгийн доллартай харьцах ханш мөн. 1 сая төгрөгний цалин 2012 онд 830 доллартай тэнцэж байсан бол 8 жилийн дараа буюу 2020 он гэхэд 364 доллартай тэнцэж ирэв. Мэдээж энэ нь 5 сая төгрөгний үнэтэй байсан приус хэрхэн 15 сая төгрөг болж байгааг тайлбарлана. Эсвэл өмнө нь гадаадад аялахад 100 мянган төгрөг байсан зочид буудлын үнэ хэрхэн 230 мянган төгрөг болж маш үнэтэй санагдах болсныг тайлбарлана.
Монголбанкны өмнө тулгардаг бас нэг зовлонтой зорилго бол валют буюу долларын нөөцөө бэхжүүлэх явдал юм. 2016 онд шинэ ерөнхийлөгч нь ажил авмагцаа Монголбанкны буюу улсын валютын нөөц -400 сая доллар болсныг зарласнаар шок үүсч, төгрөгийн хадгаламжтай чинээлэг иргэд төгрөгөө доллар болгохоор хошуурснаар ердөө хэдхэн долоо хоногийн дотор хэрхэн 1900 байсан долларын ханш 2500 болсныг та бид санаж байгаа.
Эндээс долларын төгрөгтэй харьцах ханш зөвхөн экспорт ба импорт, гадаад төлбөр тооцооны зөрүүнээс биш бас иргэдийн хүлээлтээс хамаардагийг та бид харж байна.
2017 оноос хойш Монгол улсын гадаад худалдааны баланс түүхэн рекорд төвшиндээ хүрлээ. Өөрөөр хэлбэл гадаадад нүүрс, баялагаа зараад оруулж ирж байгаа доллар (экспорт) нь, гадаадаас худалдан авч оруулж ирж байгаа бензин, приус, хувцас хунарт төлж гаргаж байгаа доллараас (импортоос) хамаагүй илүү даваад явчихсан гэсэн үг. Ийм ч учраас нөгөө -400 сая болоод байсан төв банкны валютын нөөц маань 2020 оны байдлаар +4000 тэрбум доллар болж өсөв.
Хачирхалтай асуулт нь доллар ийнхүү зах зээлд цутгаж орж ирсээр байхад яагаад төгрөгийн ханш үргэлжлэн навсайж, доллар 2744 хүрээдэх вэ?
2016 он гэхэд Монголд хадгаламжийн долларжилт 38 хувьд хүрч аюулын харанга дэлдсэн юм. Энэ нь товчхондоо монголын банкуудад байршиж буй нийт хадгаламжийн 38 хувь нь доллараар байршиж байсан гэсэн үг. Мэдээж төгрөгийн хадгаламжтай чинээлэг иргэдийг шөнө унтуулахгүй зовоодог зүйл нь төгрөгийн хадгаламж. Тэд мөнгөө хүү өндөртэй төгрөгөөр хадгалахыг хүсэх боловч, хэрэв төгрөгийн ханш жилийн 20-30 хувиар сулрах хүлээлттэй байвал мэдээж бушуухан төгрөгөө доллар болгож хувиргахыг хүснэ.
Ийм нөхцөлд бид банкны холбоон дээр идвэхтэй ажиллаж, иргэдийн төгрөгт итгэх итгэлийг эргүүлэн сэргээх, хөрөнгөө үндэсний мөнгө тэмдэгт төгрөгөөр хадгалах нөхцлийг бүрдүүлэхээр чармайн ажилласны үрээр 2018 оны 1-р сар гэхэд долларжилт 28 хувьруу бууж ирсэн билээ. Мэдээж үүнд макро эдийн засгийн хүчин зүйлс гол нөлөөг үзүүлсэн.
Ингээд 2018 оны 11 сард Монголбанк гэнэт 2480 дээр жил шахуу байсан (бид нэгэнт гадаад худалдааны баланс ашигтай байгаа үед төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж иргэдийн итгэлийг хадгалаач гэж олон удаа гуйсан) төгрөгийн ханшийг гэнэт "алдаж" 2560 болгоодхов. Миний зүгээс мэргэжлийн дилер хүний хувиар тухайн үед нь яаралтай өөрийн бодлууд, иргэдийн хүлээлтийн талаарх байр сууриа хэлсэн. Гэвч сонсоогүй. Ингээд ханш маань доллар зах зээлд тасралтгүй цутган орж ирж байх энэхэн үед дахиад 200 төгрөгөөр суларчээ.
Яг одоо 18.5 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 5.6 их наяд төгрөг нь доллараар байршиж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн 2 тэрбум долларыг монгол банк өөр дээрээ хадгалж байна. Монголбанкны валютын нөөцийн 2 тэрбум доллар нь аль хэдийнэ цаанаа эзэнтэй гэж ойлгож болох юм. Хэрэв валютын нөөцөө нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах зорилгоор төгрөгийн ханшийг цаашид сулласаар байвал дөнгөн данган бидний тогтоон барьж байсан иргэдийн итгэл эргээд нурна.
Төгрөгөөр хадгалагдаж байгаа 13 их наяд төгрөг долларт хөрвөх гэж зүтгэвэл 4.7 тэрбум доллар Монголбанкинд нэмээд хэрэгтэй болно. Энэ үед Монголбанкны зүгээс долларын онц хэрэгцээгүй хүмүүс мөнгөө доллар болгох гэж зүтгэх хэрэггүй шүү гэж хичнээн ч ярилцлага өгөөд хэрэггүй. Хүний иррационал хүлээлтийг ямар ч математик моделоор томъёолж болдоггүй цус л даа.
Би сая хэллээ. Хэрэв Монголбанк валютын нөөцөө нэмэх бодлого огт барихгүй, өөрөөр хэлбэл зах зээлд огт оролцохгүй хараад сууж байсан бол долларын ханш өнөөдөр 1000 төгрөг болчихсон байгаа. (4,4 тэрбум доллар 3 жилийн дотор монгол улсад орж ирснийг нь Монголбанк худалдаж аваад нөөц болгосныг нь сана.) Мэдээж Монголбанк нөөцөө нэмэх нь зөв. Төгрөгийн ханшийг чангаруулаагүй нь ч зөв байх.
Яагаад тэгвэл одоо төгрөгийн ханш сулрахыг хараад зүгээр сууна вэ. Энэ нь ийм учиртай.
Монголын эдийн засаг жаахан сэргээд ирмэгц л банкууд нь зээлээ суллаж, компаниуд цалингаа нэмж, иргэд худалдан авалтаа ихэсгэдэг. Үүний үр дүнд рекорд тооны машин импортлогдон орж ирдэг. Мэдээж энэ бол нэг л импорт. Өөр олон импортын барааны тоо хэмжээ өсдөг. Импортын барааг бүгдийг нь доллараар л худалдаж авна. Импорт хэт өссөнөөр Монголбанкны валютын нөөцийг шавхана. Өөрөөр хэлбэл экспортоос олж байгаа долларыг эргүүлээд импорт болгож алдаад зогсохгүй хэрэв импортын дүн экспортыг давбал аюултай дүр зураг бий болно.
Энэ үед баримталдаг эдийн засгийн онолын алхам нь мэдээж төгрөгийн ханшийг сулруулах. Ингэснээр нөгөө приус машин чинь иргэдийн хувьд дийлдэшгүй үнэтэй зүйл болж, үр дүнд нь импорт буурна. Мэдээж онолын хувьд төгс сонсогдож байна. Харин практик дээр энэ нь ядуурлын бууруулах, хүн амаа аятай тухтай амьдруулах зорилттой зөрчилдөж байна.
Би 2017 онд Монголбанкныханд анхааруулж хэлсэн. “2011-2012 онтой адилхан зүйл давтагдах нь. Одоо маш их машин импортлогдож, доллараа алдахаас гадна түгжрэл гамшгийн төвшинд очино. Иймд төгрөгийн ханшаа сулруулж иргэдээ ядууруулах нь зохимжгүй тул Монголбанк Сангийн яам хамтран татвар, квотын гэх мэт өөр аргачлалаар үүнээс урьдчилан сэргийлмээр байна аа” гэж. Ямар ч арга хэмжээ авагдаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд бид хүрээд байна.
Монголбанк уламжлал ёсоор ниргэсэн хойно нь гэнэт дэрхийж төгрөгийн ханшийг сулруулах нь зүйтэй гэж үзэж буй бололтой юм. Хамгийн аюултай юм нь – хэрэв уншигч авгай аль хэдийнэ ойлгосон бол – ингэж суллах явцад 13 их наяд төгрөг бариад сууж байгаа иргэдийн төгрөгт итгэх итгэл үгүй болвол эд мөнгөө доллар болгох гэж зүтгэнэ. Монголбанкны ариухнаар эхлүүлсэн үйл ажиллагаа нь аймшигтай том бүтэлгүйтэл болж дуусах эрсдэлтэй. Үүнийг би удаа дараа, олон жил хэлж ирсэн боловч огт сонсохгүй байгаа мэт байх тул улс орондоо санаа зовж аргагүйдэн ийнхүү нийтлэл болгон бичиж байна.
Бас нэг бага зэрэг хошин зүйл нь Монголбанкнаас 7 хоног бүр зах зээлд нийлүүлж байгаа доллар юм. Хэвлэл мэдээллээр өргөн явдаг энэ мэдээлэл нь иргэдийн ухамсарт шууд “Монголбанк энэ 7 хоногт төгрөгийн ханшийг барих зорилгоор 50 сая доллар нийлүүлж, интервенци хийжээ, хөөрхий их л тэмцэж байна даа, төгрөг ч ямар ч найдваргүй болжээ” гэх хүлээлтийг өгдөг нь захын сэтгэлзүйчид ойлгомжтой асуудал. Үнэн хэрэгтээ энэ гутамшигтай мэдээллийн ард талд тэс өөр үйл явдал өрнөдөг. Монголбанк угтаа бол онол ёсоор зөвхөн банкуудтай харьцах учиртай. Гэтэл 2016 оноос эхлээд Монголбанк шууд Оюу Толгой, Таван толгой мэтийн экспортын доллар оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдтэй харилцаж оруулж ирж байгаа долларыг нь зах зээлд оруулуулахгүйгээр өөрөө шууд худалдан авдаг болсон.
Мөн та бид мэднэ – төв банк маань алт олборлогч иргэдээс хүртэл өөрөө шууд алт худалдан авдаг. Энэ бол дэлхийд байдаггүй практик юм. За ингээд төв банк маань зах зээлд орж ирсэн долларыг нь хамаад авчихсан юм чинь арилжааны банкууд огт долларгүй болж таарна.
Ингээд л авсан долларынхаа тодорхой хэсгийг эргүүлэн зах зээлд нийлүүлж байгаа энэхүү ажиллагаагаа тэс буруугаар мэдээллэснээр иргэдэд ямар их сөрөг хүлээлт үүсгэж байгаагаа огт мэдрэхгүй байгаа бололтой юм. Монголбанк зах зээлд орж ирэх байсан долларыг урдуур нь орж шууд өөрөө авч байгаа энэ хэмжээ нь түүний эргүүлэн зах зээлд сүртэй мэдэгдэл хийн, хүн амьтныг цочоон нийлүүлж байгаа хэмжээнээс хэд дахин их гэдэг нь Монголбанкны валютын нөөц өнгөрсөн хугацаанд -400-аас +4000 сая доллар болж өссөнөөр батлагдана. Төгрөгийн ханшийг барих гээд л нөөцөө шавхан долоо хоног бүр 30-70 сая доллар нийлүүлээд байгаа төв банкны нөөц ингэж өсөх үү? Монголбанкны туршлагагүй газрын захирлууд ийм хөгийн алдаа гаргаж байна.
Валютын нөөц бол 68 дугаар асуудал. Төгрөгийн ханш – бидэнд байгаа цорын ганц үнэт цаас болох – төгрөгийнхөө ханшинд итгэх иргэдийнхээ итгэлийг хадгалаж үлдэх нь эдийн засгийн онолоос давсан, тухайлбал философийн асуудал мөн. Эдийн засгийн ямар ч номонд үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал байхгүй гэдгийг бид мэднэ. Үүнийг эдийн засгийн сургуульд заадаггүй бололтой. Нөгөөтэйгүүр бид төгрөгийн ханшаа сулласнаар хоёр маш том хавханд явж орж байна. 1 – ядуурлыг бууруулах нь байтугай төгрөгийн худалдан авах чадвар суларснаар иргэд улам бүр ядуурч, ядуурал ихэсч байна. 2 – зээлийн хүү бол төгрөгийн ханш тасралтгүй, огцом огцом суларч байгаатай шууд холбоотой юм байна гэдгийг бид томоохон судлагаа хийж нээсэн. Үүнийгээ ч ард түмэн болон удирдлагуудад танилцуулсан. Монголбанкны өөрсдийнх нь хийсэн судлагаан дотор ч гэсэн энэ талаар яг тодорхой биш ч гэсэн, сайн ухвал ойлгогдохоор дурдсан байдаг. Төгрөгийн ханшаа суллах тусам Зээлийн Хүү гэдэг мангасыг бууруулах мөрөөдөл улам бүр хоосон зүүд болон алсран холдоно. Зээлийн хүү зөвхөн төгрөгийн ханш долларын эсрэг хүчтэй, чанга байх үед л буурах боломжтой гэдэг нь онолын судлагаанаас илт болсон.
Дээрээс нь нэмж хэлэхэд төгрөгийн ханш цааш үргэлжлэн суларснаар түүний сөрөг нөлөө эдийн засгийн онолын номны хүрээнээс хальж Тэтгэвэрийн сангийн алдагдал дахиад хэзээ ч нөхөгдөхгүй улам бүр томорч, ёроолгүй сав болох үндсийг тавьж байна. Энэ тал дээр илүү нарийвчилсан судлагаа хийж нотлох шаардлагатай тул би ингэсхийгээд орхих нь зөв байх. Гэхдээ миний таамаглал маш бодитой гэж итгэж байна.
Энэ миний бичсэн нийтлэлд хамаарах Монголбанкны албан тушаалтнууд та нар намайг бүгд танихаас гадна, би та нарын заримтай найз нөхөд, сайхан хүндлэж явдаг. Гэхдээ та нар өнөөдөр улс орны төвшинд ямар өндөр төвшний хариуцлагатай ажил хашиж байгаагаа ухамсарлаж, шүүмжлэл хүлээж авч сурах ёстой. Би олон сар хэлээ хазаж дуугүй явлаа, энэ хоорондоо би та бүгдэд ил ба далд бүх хэлбэрээр энэ дээр бичсэн бүх санаагаа хэлсэн. Гэтэл та нар таг дүлий мэт, үл ойшоож байгаа тул би ийнхүү бичихэд хүрлээ. Би цаашид ч энэ улсын эдийн засагт хэрэгтэй, ард түмний эрх ашигт нийцэх өөрийн санаа бодлоо ил тодоор хэлнэ. Авах юм байвал аваад ашиглаад, өөртөө наагаад яв. Битгий өчүүхэн байгаарай даа. Ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа сана.
2020.01.17
Ө.Ганзориг