Хятад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг бүрэн хориглохоор болжээ
Дэлхийн хамгийн том хуванцар бүтээгдэхүүний хэрэглэгчдийн нэг болох Хятад улс орон даяар нэг удаагийн хэрэглээний хуванцарыг бууруулах томоохон төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Өнгөрсөн ням гарагт Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх шинэ бодлогоо танилцуулсан юм.
Тус төлөвлөгөөнд 2022 он гэхэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг улс даяар бүрэн халж, 2025 он гэхэд тэдгээрийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоох тухай тусгасан гэнэ.
Энэ тогтоолын хүрээнд 0.025 мм-ээс бага зузаантай буюу нэг удаагийн хэрэглээний хуванцар уутыг үйлдвэрлэх, зарахыг хориглох юм.
Тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдээлснээр Хятадад гялгар уутыг томоохон хотуудад 2020 оны эцсээр, 2022 он гэхэд бүх хот, суурин газруудад хориглохоор болсон аж.
Мөн үйлчилгээний газрууд 2020 оны эцэс гэхэд мөн нэг удаагийн соруул, хутга сэрээ хэрэглэхийг хориглох юм байна.
Хятад улс 1.4 тэрбум иргэнийхээ ялгаруулж буй хогийг арилгахын тулд олон жилийн турш тэмцсээр ирсэн. Тус улсын хамгийн том хогийн цэг болох 100 орчим хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй газар аль хэдийн дүүрсэн гэнэ.
Зөвхөн 2017 онд л гэхэд Хятад улс 215 сая тонн хог хаягдлыг цуглуулжээ. Гэхдээ улсын хэмжээнд хаягдлын дахин боловсруулалт хийх боломжгүй байна.
Үүний хажуугаар Хятад улс гадаадын улс орнуудаас хуванцар хаягдах авах хориг тавьжээ. Ихэнх улс, ялангуяа орнууд хаягдал хуванцраа Хятад руу экспортолдог бөгөөд тэрхүү хаягдлыг нь Хятадад дахин боловсруулж хэрэглэдэг байжээ.
Зөвхөн 2015 онд Хятад улс 49.6 сая тонн хог хаягдал гадаад орнуудаас импортолсон байдаг. Европын Холбоо ангилж ялгасан хуванцар хаягдлынхаа талыг гадагшаа гаргадгийн 85 хувь нь Хятадад ноогдож байв. Ирланд улс гэхэд дангаараа хуванцар хаягдлынхаа 95 хувийг 2016 онд Хятадад экспортолжээ.
Мөн тухайн онд АНУ 16 сая тонн хаягдал Хятадад гаргасан нь 5.2 тэрбум ам.долларын үнэ хүрсэн байна. Харин Хятадын тавьсан хориг эдгээр улс орнуудад “газар хөдлөлт” мэт гамшиг болно гэж Олон Улсын Дахин Боловсруулах Товчооны тэргүүн Арно Бруне ярьжээ.
Энэ бол Хятадын хуванцар ашиглах эсрэг хийж буй анхны кампанит ажил биш юм.
2008 онд тус улс жижиглэнгийн худалдаачдыг үнэгүй гялгар уут тараахыг хориглож байжээ.