Хятадад дэгдээд буй шинэ төрлийн вирусээр өвчлөгсдийн тоо хэдхэн өдрийн дотор 4 дахин нэмэгджээ
Хэдхэн өдрийн өмнө БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдол албан ёсоор 41 удаа илэрсэн гэж мэдэгдээд байсан билээ. Харин өчигдөр Ухань хотын эрүүл мэндийн комисс шинээр халдвар авсан олон тохиолдол илэрсэн болохыг зарлав.
Тус мэдэгдэлд нийт 198 хүн коронавирусын халдвар авсан бөгөөд тэдний 140 нь хөнгөн, 55 нь хүнд, 3 нь онц ноцтой байдалд байгаа гэдгийг дурдсан байна. Уг гарал нь тодорхойгүй байгаа вирусийн халдвар авсан хүмүүсийн үүнээс хэдэн арав дахин илүү байх магадлалтай хэмээн шинжээчид анхааруулаад байна. Одоогийн байдлаар тус вирусийн халдвараас болж хоёр хүн амиа алдаад байгаа. Харин Их Британийн Эрүүл мэндийг хамгаалах газар короновирусын халдвар авсан, нас барсан хүний тоо түүнээс болон байгаа гэж мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар өнгөрсөн оны 12-р сард Хятадын Ухань хотод хамгийн анх илэрч байсан тус вирус нь түүнээс ч өмнө тархаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 400-500 гаруй хүн халдвар тээж, 30 гаруй хүн нас барсан байх магадлалтай гэнэ.
Дээрх судалгааг Их Британийн нийслэл Лондон хотын Хатан Хааны нэрэмжит Коллеж, Олон Улсын Халдварт Өвчин Судлалын төвүүд хамтран явуулсан юм. Шинэ төрлийн короновирус нь уушгинд хатгалгаа үүсгэж, халууруулах, ханиалгах гэх мэт зовиур үүсгэдэг ажээ. Одоогоор тус шинэ вирусээр өвчилсөн хүмүүс Хятад, Япон, Таиланд зэрэг Азийн орнуудад илрээд байгаа. Хятадад халдвар авсан хүмүүсийн ихэнх нь амьтны зах дээрээс халдвар авсан бол Таиланд болон Японы иргэд халдварын голомт болсон Ухань хотоор аялж халдвар авсан нь тогтоогдсон юм. Одоогийн байдлаар судлаачид тус вирус нь хүнээс хүнд халдварлах боломжгүй, амьтнаас хүнд халдварладаг хэмээн үзэж байгаа аж.
Дэлхийн томоохон хотуудад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох арга хэмжээг авч эхлээд байна. Харин Хятадын Халдварт өвчин судлалын хүрээлэн зарим тохиолдолд амьтантай огт харьцаагүй хүмүүс хүртэл халдвар авсан болохыг зарлаад байгаа юм. Дээр дурдсан шинээр халдвар авсан хүмүүсийн 25 нь сүүлийн хэдэн сар амьтантай огт харьцаагүй хэрнээ халдвар авсан аж. Одоогийн байдлаар Ухань хотын эрүүл мэндийн комисс дээрх шинээр халдвар авсан хүмүүсийн ойр дотнын хүмүүсийг ажиглаж байгаа бөгөөд тэднээс халдварын шинж тэмдэг илрээгүй байна.