Леонардо Ди Каприо Монголд 10 хонохоор 95 мянган ам.доллар төлжээ
Холливудын алдарт жүжигчин, “Оскар”-ын шагналт Леонардо Ди Каприо Монголд аялахаар төлөвлөжээ. Тэрбээр Хөвсгөл нуурыг үзэж, 10 хоногийн турш урцанд хоноглон, морь унаж, шонхор агнаж, нүүдэлчин гэр бүлийн хамт хооллох аж.
2016 онд түүнд удаан хүлээсэн “Оскар”-ыг нь авчирсан “The Revenant” кинон дээр гардаг шиг амьдралаар 10 хоног амьдрахын тулд 95 мянган ам.доллар төлсөн түүнтэй хамт Шведийн судлаач Ёхон Эрнст Нилсон аялах гэнэ.
Адал явдалт “The Revenant” кинонд амьд үлдэхийн төлөө хүйтэн жаврыг туулж, хүнд бэрхтэй тулсан Леонардо Ди Каприо Монгол Улсад яг тэр дүр шигээ амьдарч үзэх гэж байгаа тухай гаднын хэвлэлүүд мэдээлж эхлэв.
45 настай Лео, 41 настай Ёхон Эрнст нар өөрсдийнхөө хязгаарыг давна гэжээ. Тэдэнтэй хамт тогооч болон хувийн багш нь байх аж. Лео “The Revenant” кинонд тоглосон талаараа “Миний урьд өмнө бүтээж байгаагүй хамгийн хэцүү мэргэжлийн ажил байлаа” гэсэн бол Монголд хийх гэж буй өвөрмөц аялал нь ямар байх бол?