Галлагаа эхэлснээс хойш нийт 991 иргэн угаарын хийнд хордсон байна
Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж авсан байна. Тэдний 38 нь хүүхэд, 51 нь том хүн байв.
Өнгөрсөн аравдугаар сарын 02-ноос энэ сарын 18 хүртэлх өдрүүдэд угаарын хийнд нийт 415 өрхийн 991 иргэн хордсон байна. Үүний 439 нь хүүхэд, 552 нь насанд хүрэгчдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, 45 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Одоогоор нэг иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Угаарын хийнд хордсон тохиолдлуудын ихэнх нь зуухны галлагаатай холбоотой байна. Зуухны аюулгүй байдлыг хангаагүй байдлаас үүдэн угаар алдаж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэв. Тиймээс иргэдийг аюулгүйн зөвлөмжийг дагахыг дахин зөвлөлөө.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас 11 дүгээр сарын 04-11 хүртэлх өдрүүдийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM 10 том ширхэгт тоосонцор 1.2 хувиар, PM 2.5 жижиг ширхэгт тоосонцор 1.9 хувиар буурсан. Харин хүхрийн давхар исэл хоёр дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг өглөө. Хүхэрлэг хийнд бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс өртөмхий байдаг. Толгой эргэх, зүрх судасны өвчин хөдлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.