Тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтын нормыг шинэчлэн баталжээ
Автотээврийн хэрэгслийн ашиглалтын жишиг норм буюу автомашины шатахуун зарцуулалт, резин дугуй, зай хураагуур, агрегат зангилаануудын эдэлгээний нөөц зэргийн ашиглалтын нормыг Дэд бүтцийн сайдын 2004 оны 19-р тушаалаар батлан улсын хэмжээнд мөрдөж эхэлжээ. Тухайн үед манай улсад 120 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2017 оны байдлаар 530 гаруй мянга болсон байна. Энэ хугацаанд хуучин автомашинууд ашиглалтаас гарсан болон автомашины марк, төрөл, тоо нэмэгдсэнтэй уялдуулан Зам, тээврийн хөгжлийн яам автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг шинэчлэн батлуулжээ. Ингэхдээ манай улсад арваас дээш тоогоор орж ирсэн, 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 480 гаруй марк загварын автомашинуудад судалгаа хийсэн байна.
Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, эрс тэс уур амьсгал, авто замын онцгой хүнд нөхцлүүд гээд хэд хэдэн судалгааг үндэслэжээ. Шинэ нормын дагуу Улаанбаатар хотын авто замд 100 километрт 10 литр шатахуун зарцуулдаг машинд арванхоёрдугаар сард буюу хүйтний улиралд 14 литр зарцуулахаар тооцож байгаа юм байна. Шатахуун зарцуулалтын жишиг нормыг шинэчлэснээр аж ахуй нэгж байгууллагууд төсөв санхүүгээ оновчтой төлөвлөх, эдийн засгийн үр өгөөжийг бодитойгоор үнэлэх, автомашины эвдрэл доголдлыг тодорхойлох зэрэгт ач холбогдлоо өгөх юм.