Ираны засгийн газар онгоцны осолд амиа алдсан иргэдийн ар гэрийнхнийг дарамталж эхэлжээ
Энэ сарын 8-нд Ираны агаарын хүчин Тегеран хотын дээгүүр нисэж байсан Украины иргэний агаарын тээврийн онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн билээ. Тус онгоцонд нийт 180 зорчигч явж байсны ихэнх нь Канадын иргэд байсан юм. Саяхан Ираны засгийн газар тэдгээр иргэдийн ар гэрийнхэнд 25 мянган ам.доллар олгохоор болсноо зарласан юм.
Харин тус онгоцонд сууж явсан Иран иргэдийн ар гэрийнхнийг тус улсын эрх баригчид дарамталж эхэлсэн тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлэв.
Жишээлбэл амиа алдсан охины ээж Канадын элчин сайдын яам руу залгаж өөрт нь туслахыг хүссэн байна. Тэрбээр "Засгийн газрын ажилтнууд удаа дараа ирж надаас юм асуух нэрийдлээр байцаалт авсан" гэж хэлсэн юм.
Бас өөр нэг хохирогчийн оршуулгын ёслолын үеэр цагдаа нар ирж цугларсан хүмүүст гадаадын хэвлэлд юу ч ярьж болохгүй гэсэн анхааруулга өгсөн аж.
Иран гаралтай Америк сэтгүүлч Масих Алинежад "Тэд юу хийхээ сайн мэднэ. Тэд гадаадын хэвлэлд өөрсдийн иргэдийн үзэл бодлыг гаргахгүйн тулд сүрдүүлгээс эхлээд хүн хулгайлах, тамлан зовоох гэх мэтийн арга хэрэглэдэг юм. Хамгийн гол нь Иран хүн Ираны эсрэг зүйл ярьж болохгүй гэсэн бичигдээгүй дүрэм тэнд үйлчилдэг" гэж хэлжээ.
Канадын гадаад хэргийн сайд энэ талаар "Ираны засгийн газар амиа алдсан иргэдийн гэр бүлд хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэд өөрсдийн алдаагаа нуун дарагдуулахын тулд иргэдээ дарамтлах ёсгүй" гэж мэдэгджээ.
Ираны засгийн газар одоогийн байдлаар энэ тал дээр ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.