Мексик улс Төв Америкаас АНУ-ыг зорьж байгаа цагаачдын цувааг зогсоох болно гэж мэдэгдэв
Мексикчүүд Трампын засаг захиргааны шаардлагаас болоод Латин Америкаас АНУ-г зорих цагаачдын тоог буруулахаас өөр аргагүй болсон билээ. Энэ үүднээс Төв Америкийн орон болох Гондурасаас АНУ-г чиглэн явж буй цагаачдыг зогсоох болно гэдгээ тус улсын эрх баригчид илэрхийлэв.
Тус улсын Дотоод хэргийн яам нь дээрх гондурасчуудад жуулчны виз олгохгүй бөгөөд цагаач бүрийн статусыг шалгана хэмээн мэдэгджээ.
"Мексик бол зөвхөн дамжин өнгөрөх орон биш..." гэж Мексикийн Дотоод хэргийн сайд Ольга Санчез Кордеро хэлжээ. Тэрбээр мөн цагаачдыг тусгай мэргэжилтэнгүүдийн тусламжтай шалгах болсноо зарласан байна.
Ольга Санчез Кордеро өнгөрсөн Лхагва гаригт 600 орчим цагаач Гондурасаас АНУ-ыг зорин гарсан гэж мэдэгдсэн юм. Гватемалын Ерөнхийлөгч Алехандро Джиамматте хөрш орон болох Мексикийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Марсело Эбрардад хандан "цагаачдыг зогсоохын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэж хэлжээ.
Дээрх цагаачид лхагва гарагт Төв Америкийн хамгийн аюултай хотуудын нэг болох Гондурасын Сан Педрогаас АНУ-ыг зорин гарсан юм.
Тэд хүний наймаачид болоод дээрэмчдээс эмээсэндээ ийм олноороо нэгэн зэрэг явж байгаа аж.
Пүрэв гаригт Гватемалын хилийн харуулууд дээрх цагаачдыг зогсоохын тулд ямар ч анхааруулгагүйгээр нулимс асгаруулагч хий цацжээ. Гэхдээ энэ нь төдийлөн нэмэр болоогүй бөгөөд тэд Гватемалын хилийг давж чадсан юм. Өдгөө тус цагаачид Мексик улсын зүг явсан хэвээр байгаа аж.
Ерөнхийлөгч Трамп Төв Америкийн удирдагчдад АНУ-Мексикийн хил хүрэхээс өмнө шилжин ирэгсдийн урсгалыг зогсоохыг шаардсан юм.
Гватемалийн Моралес хотын эрх баригчид замын хаалт тавьж, цагаачдын бичиг баримтыг шалгаж эхэлсэн байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба тус улсын хууль хүчний байгууллагад туслах үүднээс тусгай ажилтнуудаа хүртэл илгээгээд байгаа юм.
Трамп хилийн аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгосон. 2018 онд Төв Америкийн олон мянган цагаачид өөрсдийн улс орны ядуурал, хүчирхийллээс зугтаахын тулд АНУ-ын хил дээр нэгэн зэрэг ирж байсан билээ. Тэднийг АНУ-ын хилийн харуулууд нэвтрүүлэлгүй тарааж чадсан юм.
Ерөнхийлөгч Трамп Төв Амрикийн орнууд, ялангуяа Мексик цагаачдаа захирч чадахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Одоогийн байдлаар Мексикчүүд цагаачдыг зогсоохын тулд үндэсний гвардийн 150 гаруй цэргүүдийг хөдөлгөөд байгаа юм.