Австраличуудын удтал хүлээсэн бороо багагүй асуудал дагуулжээ
Сүүлийн дөрвөн сарын турш гал түймэр, ган гачиг, хэт халалттай тасралтгүй тэмцсэн австраличуудын хувьд удтал хүсэн хүлээсэн үйл явдал болж байна. Тэр нь тус улсын түймэр гарч буй нутгуудад аадар бороо орж эхэлсэн явдал юм. Шинэ Өмнөд Уэльсийн гал унтраах газрын мэдээлж байгаагаар тус мужийн нутаг дэвсгэрт нийт асч байгаа 85 түймрийн голомтын 30-ийг борооны ачаар цурманд оруулаад байгаа аж.
Харамсалтай нь Борооны аянгаас болж Өмнөд Уэльс, Викториа мужуудад олон тооны хээрийн түймэр асчээ. Азаар бороо орж байгаа тул тэдгээрийг хурдан унтраана гэсэн найдлага байгаа гэж нутгийн гал сөнөөгчид мэдэгдэв.
Хэт удаан хуурай байснаас болоод газрын хөрс борооны усыг шингээж чадахгүй болтлоо хатсан байна. Үүний уршгаар үер, хөрсний гулгалт зэрэг гамшиг нүүрлэх болов
Хөдөө гэлтгүй Мельбурн хотод аадар орсны улмаас үер бууж, олон тооны авто зам хаагдаад байгаа юм байна. Гэхдээ борооны ачаар Австралийн дундаж агаарын хэм цельсийн 38-аас 20 хэм хүртэл буужээ.
Мөн шатсан моднууд энд тэндгүй унаж хөдөө орон нутгийн замыг хаах болсон байна.
Бороо нь тэнгэрийг цэвэрлэхэд тусалсан боловч ойрын өдрүүдэд агаарын чанар доройтох төлөвтэй байна гэж Виктория хотын Байгаль орчныг хамгаалах газраас мэдээллээ.
Нутгийн зарим хэсэгт унтарч эхэлсэн түймрийн голомтуудаас их хэмжээний утаа гарч байгаа бөгөөд тэдгээр нь Австралийн томоохон хотуудыг чиглэн нүүж эхлэв. Үүний нөлөөгөөр дараагийн 10 гаруй хоногт Сидней, Мельбурн зэрэг хотуудад агаарын чанар эрс муудах төлөвтэй байна.