Популистууд ба "алгаа тоссон" олон нийт
Тэтгэвэрийн зээлийг тэглэх, зээлийн мэдээллийн хар жагсаалтад орсон иргэдийг нэг удаа өршөөх зэрэг шийдвэрүүд гарснаар хойш популизмын тухай шуугиан тасрахгүй байна. Энэ нь зоосны нэг талд олон нийтийн хамгийн эмзэг цэгийг олж “хатган” дөрөөлж буй популист улс төрчид байгаа бол, нөгөө талд өөрийн гэсэн эрх ашиг, сонирхол, нөлөө бүхий олон нийт байна. Тэгвэл “Саак өнцөг” булангаар зоосны нөгөө тал болох олон нийт болон тэдний хүч, “засаглал”-ын талыг онцлон хүргэе.
Цаг үе өөрчлөгдсөөр
Өмнөх үед улс орныг удирдагч хаан ард түмнээсээ аль болох хол байж, тэдний хувьд хүрэшгүй, халдашгүй тэнгэрийн хүн мэт сэтгэгдэл төрүүлэх замаар өөрийгөө шүтүүлж, дээдлүүлэн, ард түмнийг захирдаг байсан. Харин өнөө үед эсэргээрээ улс орны удирдагч, төрийн тэргүүн ард түмэнтэйгээ аль болох ойр байж, тэдний дунд зэрэгцэн оршиж, тэдний нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлж байж хүлээн зөвшөөрөгдөх болсон.
Үүний шалтгаан нь олон нийтийн хүч, нөлөө түүхэнд урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэний учир юм. Өмнө нь хааныг, язгууртнуудыг, сэхээтнүүдийг шүтдэг байсан олон түмэн өнөө цагт “эго” буюу “би” төвт үзэлтэй болж, хэн нэгнийг шүтэх биш өөрөө шүтэгдэн дээдлэгдэх эрэлт хэрэгцээ ноёлох болов. Тэр бүү хэл, бурхан шүтэхээ болиод өөрөө бурхан нь байхыг хүсдэг болжээ. Тийм ч учраас тэрхүү олон нийтийн эрэлт хэрэгцээ, санаа зорилгод нийцэн, таашаагдах гэсэн популист улс төрчид ар араасаа төрөн гарахад ардчилсан тогтолцооны гажуудал ч чухал нөлөө үзүүлсээр.
Популизм гэж юу вэ?
Хэн нэг хүн олонхийн санаа зорилгыг ашиглан, олон нийтийн эмзэглэж буй асуудал, эргэлзээ, горьдлого дээр тулгуурлан эрх мэдэлд хүрэх улс төрийн арга хэрэгсэл гэж ойлгож болно. Энэ өгүүлбэрийг уншигч таны оюунд шуудхан “хүргэх” дэндүү ойрын жишээ манай улсад олон бий. Нэг хүнд очихдоо аманд ч үгүй, хамарт ч үгүй хэрнээ, нийт эдийн засгийг чамгүй “хохироосон” Хүний хөгжил сангийн 21000 төгрөгний тэтгэмжээс эхлээд тэтгэвэрийн зээлийг тэглэх, зээлийн мэдээллийн хар жагсаалтад орсон иргэдийг өршөөх гээд саяхны жишээнүүдийг дурьдаж болно.
Өнөөдөр монголд өргүй хүн тун цөөхөн. Тиймээс олон нийт юу хүсч байна вэ гэдгийг бодолцоод, түүний хамгийн эмзэг цэг дээр дөрөөлөх арга техникээ тэд хэрэгжүүлсээр.
Олон нийтийн хүч, нөлөө яагаад нэмэгдэв?
Зоосны нэг талд олон нийтэд таалагдаж, дэмжүүлэх гэсэн популист улс төрчид байгаа бол, нөгөө талд нь өөрийн гэсэн эрх ашиг, сонирхол, нөлөө бүхий олон нийт байна.
Олон нийтийн харилцаа судлаачид өнөөгийн бид “олон нийтийн” гэх тодотголтой нийгэмд амьдарч байгааг хэдийн хүлээн зөвшөөрчээ.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал Б.Болд-Эрдэний “Олон нийтийн харилцаа” номон дээр томъёолсноор:
“XX зуун- Аж үйлдвэржилтийн эрин, технологийн хөгжил, хотжилтын давалгаа, материаллаг баялагийн эрс өсөлт, боловсролын хүртээмжийн бодит дэвшил зэрэг түүхэн өөрчлөлт, хувьсал нь олон нийтийн хүч, нөлөөг ийнхүү урьд байгаагүйгээр нэмэгдүүлжээ. Тиймээс хүнд олон нийтийн соёл, байр суурь, хандлагыг мэдэрч түүнд аялдан дагахаас өөр замгүй болов. Олон нийт өөрийн хэм хэмжээ, эрмэлзэл, санаа бодлоос ангид хэнийг ч болов шахан зайлуулж, ганцаардуулж, хүчгүйг нь мэдрүүлэх эрх мэдэл засаглал болов” хэмээжээ.
Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гурван засаглалыг хянах үүрэгтэй “дөрөвдэх засаглал” бол Сэтгүүл зүй. Харин өнөөдөр Олон нийтийн санаа бодол хэдийн “тавдахь засаглал” болсныг нийгэм судлаачид хүлээн зөвшөөрсөн.
Нэгэнт олон нийт ийм хүчтэй болсон учир улс төрчид олон нийтэд таалагдаж, эмзэг сэдэв дээр нь дөрөөлөөд ч болов тэдний дэмжлэгийг авах эрэлт нэмэгдсэн. Одоо харин асуудлыг өөрсдөөсөө хайж, нэгэн жишээ аваад үзье.
1993 оны анхны Ерөнхийлөгчийн сонгууль. Ардчилсан хүчнээс нэр дэвшсэн П.Очирбат, МАХН-аас нэр дэвшсэн нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэв. Эрин цагаасаа түрүүлж сэтгэдэг Л.Түдэв тэртээ 1993 онд нар салхины эрчим хүчийг ашиглаж, “өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” гэсэн бодлого дэвшүүлсэн нь биширмээр. Учир нь улс орон байгалийн баялаг хэдий чинээ ихтэйгээс үл хамааран, гагцхүү үйлдвэрлэл хөгжсөн цагт л жинхэнэ дэвшил ирдэгийг Норвегийн нэрт эдийн засагч Эрик С.Райнерт өөрийн номондоо бичсэн байдаг. Даанч бэлэнчлэх сэтгэлгээнээс салаагүй олон түмэн нэр дэвшигчдээс алган дээр юу тавих бол гэдгийг л анхааран горьдсоноос, өөрсдөө үйлдвэрлэгч, бүтээгч болохыг хүсээгүй биз.
Ингээд цааш цаашдаа ч хүүхдийн мөнгө амласан Л.Гүндалай, иргэн бүрд 1,5 сая төгрөг амласан нам, бүх өрийг тэглэх амлалт өгсөн Х.Баттулга нарын хүмүүс сонгогдсоор. Эцэст нь эдийн засаг элгээрээ мөлхсөөр.
Энэ мэт манай улсын сонгуулийн түүхийг эргэн сөхвөл хэн сонгогддог нь илхэн харагдаж байгаа нь популистуудыг өөгшүүлж байна.
Олон нийт хүчтэй. Хэрэв улс төрчдийг сонгох бидний шалгуур мөнгө, амлалт, бэлэнчлэх үзэл биш, ажлын байр, үйлдвэрлэл, хөдөлмөр байвал олон нийтийн аясыг эрхгүй дагадаг улс төрчид ч дагаад хөрвөнө.
Тиймээс тавдахь засаглал бидний гарт байхад илүү мөнгө амласныг нь сонгож, алгаа тосон баярлаж авсаар л байх уу?
Х.Үүрийнтуяа
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.