Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс "AТАМАН" нь мултраад дуусах уу?
Он солигдох мөчид Ерөнхийлөгчийн зарласан тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн мэдэгдэл дуулиан тарьсан хэвээр л байна. Сүүлдээ, өнөөх хэдэн буурайгаа хоёр хуваагаад хаячихаж байгаа бололтой.
Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн шийдээд, Ерөнхийлөгч нийтэд хэлж, МАН-ын бүрдүүлсэн УИХ хууль гаргалаа.
Зээл тэглэх нь зөв, буруу гэж энд ярих гэсэнгүй.
Харин 2017 онд “Монгол хүн бүрийг өрийг тэглэнэ” гэсэн Ерөнхийлөгчийн амлалт биелэв үү, МАН ирэх сонгуулийн PR-аа хийв үү гэдэг ойлгомжгүй болоод байгаа юм. Эндээс үүдээд Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалт сөхөгдөж гарч ирж байна. Угаасаа ч мартахын аргагүй амлалтыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга өгч байсан юм.
АН-ын дарга нь түүнд сонгуулийн өмнө “Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох” тэглэх үүрэг даалгаврыг өгсөн . Ингэхдээ оффшорт байгаа мөнгийг эх орондоо оруулж ирж хүн бүрийн өрийг тэглэнэ гэсэн. Үүнээс гадна олны анхаарлын төвд орж, улс төрийн “хар овоохой” болоод байсан 60 тэрбумын хэргийг ч нэгмөр шийднэ гэдгээ амлаж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч нэр дэвшээд явж байхдаа, Ерөнхийлөгч болсныхоо дараа энэ амлалтаа биелүүлнэ гэж дахин амласан.
Тэрбээр 2017 оны долдугаар сарын 7-нд сонгуулийн санал өгөх үедээ сэтгүүлчдэд “Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд 60 тэрбум төгрөгийн эзэн хуйвалдагчдыг олж тогтооно. Мөн оффшор бүсэд байгаа улстөрчдийн мөнгийг оруулж ирж, ард иргэдийнхээ өрийг цэгцлэхийн төлөө ханцуй шамлан орно” гэж хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Тэр үеэс хойш 2.6 жил өнгөрчээ. Тэгтэл оффшорын хэргүүд шийдэгдэлгүй, шүүх, прокурорын шатанд хүлээгдэж буй юм. 60 тэрбумын хэрэг шүүхээр шийдэгдсэн боловч дөрвөн хүний хоёр нь арга хэмжээ авагдаад, эргээд энэ хэрэг прокурорт шилжсэн байна.
Товчлоод хэлэхэд, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгогдох үеийн нөхцөл байдлаас жамын дагуу тодорхой хэмжээгээр ахиц гарсан боловч амласан хэмжээнд нь үр дүн гараагүй гэхэд болно.
Харин ч дээрх хэргүүдэд холбогдсон этгээдүүд Монголын төр, хууль хяналтын байгууллагыг тохуурхсан маягтай үйлдлүүдийг гаргах болов.
Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор оффшорын хэрэгт холбогдсон 2009 онд Ерөнхий сайд байсан С.Баяр хоёр сар хоригдсон талаараа “Жар хоног, “жаран”-ы бутархай” гэдэг ном бичиж, нээлт хийгээд, тэр нь бэстселлер болж сүйд болсон. Түүгээр ч барахгүй тэр номдоо Ерөнхийлөгчийн талаар тун таагүй, ноцтой гэж болох зүйлүүдийг бичсэн байв.
Сангийн сайд асан С.Баярцогт ч Ерөнхий сайд асаныгаа дуурайж “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүлсэн. Хэвлэлийн бага хурал хийж энэ талаараа мэдээлсэн. Мөн л “Миний хэргийг хааж байгаа” гэж мэдээлэл хийгээд, АТГ хариуд нь “Үгүй” гээд хөгийн л юм болж байна. Ингэж оффшорчид “зохиолч” болж, Ерөнхийлөгчийн биелүүлэх ёстой амлалтын гол зүйлийг баллаад байгаа харагдаад байгаа юм.
60 тэрбумын хэргийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдохынхоо өмнө, дараа байнга ярьж ирсэн. Үүнтэй холбоотой үгийг УИХ-ын чуулганы нээлт дээр хэлдэг. Прокурорын байгууллагыг ч шүүмжилдэг.
Гэвч АТГ, прокурор, шүүх хамжиж дэмжиж байгаад 2019 оны аравдугаар сарын 31-нд шийдлээ гэсэн. Гэтэл уг хэрэгт дөрвөн хүний хоёр нь буюу Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр л буруутай болж таарсан. 60 тэрбумын бичлэгийн учир шалтгааныг хөөвөл тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод намын нэгжийн удирдлага нь стратеги танилцуулсан үйл явдал харагддаг. Ц.Сандуй нар тийм л үүрэг гүйцэтгэсэн. Хэрвээ Намын дарга нь зөвшөөрөөгүй бол, “Шинэ Монгол хаад групп” компанийн байранд очоогүй бол 60 тэрбумын бичлэг гэж байх байсан уу. Мэдээж хэрэг үгүй. Ийм байтал 60 тэрбумын хэргийг шийдэхэд “атаман” нь сугараад үлдчихсэн. Үүнийг л олон нийт Ерөнхийлөгч Х.Баттулгын хэдэн жил ярьсан амлалт биеллээ олсонгүй гэж үзээд байгаа бололтой.
Иймээс сонгогчид, олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчид хандаж “Оффшорчид “зохиолч” болж, 60 тэрбумын хэргээс “атаман” нь мултраад дуусах уу” хэмээн асууж эхэлж байна.
З.БАТТӨМӨР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин