Иран улс Украины онгоцыг сөнөөсөн албан хаагчдыг баривчилсан байна
Ираны эрх баригчид Украины онгоцыг харваж сөнөөсөн хэргээр хэд хэдэн хүнийг баривчилжээ. Энэ тухай мягмар гарагт Ираны Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Исмаилими мэдэгдлээ.
Төлөөлөгч "Энэ хэрэгт холбоотой хүмүүсийг баривчилсан. Мөрдөн байцаалт эхний шатандаа явж байна. Онгоцны сүйрэлд буруутай этгээдүүдийн асуудлыг онцгойлон авч үзэх болно" гэжээ.
Сануулахад, энэ сарын 8-ны өдөр Украины иргэний агаарын тээврийн онгоц Тегеранаас хөөрсөн даруйдаа сүйрсэн юм. Ослын шалтгааныг эхлээд техникийн гэмтэл гэж тайлбарлаж байсан ч Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах алба алдаа гаргаж буудан сөнөөсөн нь тодорхой болсон. Ослын улмаас 167 зорчигч, нисэх багийн 9 гишүүн амиа алдсан юм.