Н.Багабанди тэтгэврийн зээл аваагүйгээ нотолж, дансны хуулгаа "дэлгэв"
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасны дагуу “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт баталсан. Уг хуулийн төсөл Байнгын хороодоор хэлэлцэгдэж байх явцтай зэрэгцэн нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди оны өмнө их хэмжээний тэтгэврийн зээл авсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди дээрх мэдээллийг үгүйсгэж, тэтгэврийн зээл аваагүйгээ нотлох баримтыг ил болгосон байна.
Дашрамд дуулгахад сүүлийн үед улс төрийн зорилгоор хуурамч хаягнаас цахим орчинд хүн гүтгэсэн худал мэдээллийг асар ихээр түгээх болсон.
Энэ асуудал нь зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэхүү эзэн холбогдогчгүй хуурамч хаягнаас түгээсэн ташаа мэдээллийн ээлжит хохирогч болжээ. Иймд хуурамч хаягнаас иргэдийг гүтгэх, хохироох, ташаа мэдээлэл түгээж буй асуудлыг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч үнэн зөвийг тогтоон хариуцлага тооцох механизмыг эрчимжүүлэх шаардлагатай байна.