Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Нэгдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.