Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг
Монгол Улс дахь далд эдийн засгийн хэмжээ сүүлийн 10 жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 9.2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байгааг Үндэсний статистикийн хороо судалгаагаар харууллаа.
2018 оны байдлаар далд эдийн засгийн хэмжээ 2.9 их наяд төгрөгөөр хэмжигдсэн нь нийт эдийн засгийн 9.2 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс албан бус секторын үйлдвэрлэл дийлэнхийг нь буюу 52.3 хувийг бүрдүүлсэн байна. Мөн нуугдмал үйлдвэрлэл, бичил уурхай 1.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж, 42.3 хувийг бүрдүүлжээ.
Судалгаанаас харахад далд эдийн засгийн хэмжээ 2015 оноос хойш 18.2 хувиар буурсан байна. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас манай улсын далд эдийн засгийн хэмжээ буурахгүй байгааг онцолж "Саарал жагсаалт"-д оруулаад байгаа билээ.