Иран улс Украины онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ
Өнгөрсөн долоо хоногт Ираны нийслэл Тегеран хотын дээгүүр нисэж байсан 176 зорчигчтой Украины агаарын тээврийн нисэх онгоц сүйрсэн билээ. Тэгвэл тус онгоцыг Ираны агаарын эргийн хүчин пуужингаар харваж сөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани энэ талаар "Манай агаарын цэргийн хүчин алдаа гаргаж иргэний нисэх онгоцыг пуужингаар харвасан болохыг бид мөрдлөгийн явцад тогтоосон. Энэ бол үнэхээр уучлахын аргагүй алдаа." гэж мэдэгджээ.
Ираны агаарын хүчин Украины онгоцыг дайсны нисэх онгоцтой андуурсан учраас пуужингаар харвасан гэх тайлбар тавьсан байна. Ираны армийн дээд удирдлага ийм алдаа гаргасандаа хохирогсдын ар гэрийнхнээс уучлал гуйж, буруутай этгээдүүдийг шийтгэхээ амлажээ.
Тус нислэг нь Тегеранаас Киев хүрэх чиглэлтэй байсан бөгөөд зорчигчдын ихэнх нь Канадын, Швед, Британи, Афганистан, Германы иргэд байжээ.
Ираны цэргийн "Кудс" тусгай хүчний өндөр албан тушаалтан болох генерал Касим Сулейманийг Иракын нутаг дэвсгэр дээр байхад нь АНУ-ын агаарын цохилтын хүчээр хөнөөсөн юм.
1-р сарын 8-нд АНУ-ын агаарын цохилтод өртөж амиа алдсан генерал Касем Сулейманы өшөөг авахын тулд Иранчууд Ирак улсын баруун мужуудад байрлах Айн болон Ассад гэсэн АНУ-ын 2 баазад пуужингийн цохилт өгсөн билээ. Тухайн дайралтын дараахан Украины онгоц осолдсон бөгөөд энэхүү үйлдлийг нь дэлхийн улс орнууд хэрээс хэтэрсэн хэрэг хэмээн үзэж байгаа юм.