Г.Занданшатар: Авлигачдын халаасанд байсан мөнгийг ард түмний мэдэлд аваад, үр ашигтай ашиглаж болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “Салхитын мөнгөний ордын үр өгөөж” болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас эдийн засгийг эрчимжүүлэх, системтэй загварчлалын үндсэн дээр хөгжүүлэх саналуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол улсын хувьд эдийн засгийг эрчимжүүлэн, цар хүрээг нэмэгдүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд Эдийн засгийн өсөлтийн экспоненциал загвараар улсын эдийн засгийг хөгжүүлэх боломжтой. Энэ хөгжлийн загвараар хөгжих хамгийн гол урьдач нөхцөл нь төр, хувийн хэвшил хамтран томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэн, дараа дараагийн өсөлтийг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн санал санаачлагуудыг сонсдог ч тухайн чиглэлийн мэргэжлийн холбоодын нэгдсэн байр суурьгүй байдлаас үүдэн шийдэлд хүрэхэд хүндрэл дагуулдаг. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар УИХ-аас Мэргэжлийн холбоодын тухай хуулийг төслийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар тухайн салбарын мэргэжлийн холбоод төрийн бодлогод тусгах саналаа нэгдсэн байдлаар гаргаж, хамтын шийдвэр гаргадаг болох юм” хэмээн онцлов.
Салхитын мөнгөний ордын үр өгөөжийн талаар “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр товч танилцуулав. Тэрбээр, “Тус ордын геологийн нийт нөөцийн хэмжээ 2,5 сая тонн бөгөөд мөнгө 808 тонн (цэврээр), алт 181 тонн (цэврээр) нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга 500-600 грамм гэж тооцсон. Цаашид хөгжих нөөц боломжтой. Хөгжүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж таван жилийн дотор 1 ихнаяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж тооцоолж байгаа” гэдгээ танилцуулав.
МҮХАҮТ-ын ахалсан эдийн засагч, математикчид, судалгааны мэргэжилтнүүдийн баг 2019 онд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, улстөрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц загварыг боловсруулахаар ажиллажээ.
Судалгааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмаар эдийн засгийн үр өгөөж бүхий салбарууд, орд газар түшиглэсэн томоохон төслүүд, Улаанбаатар болон 21 аймгийн бүсчлэл гэсэн гурван чиглэлд хийсэн байна.
Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулахдаа “Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эргээд эдийн засагт нөлөөлж байна. Цаашид энэ хэвээрээ байвал 2025 он гэхэд эдийн засаг 13 тэрбум ам.доллараар өснө. Харин бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбум ам.доллараар өсөх бүрэн боломж байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэв.
Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, бизнесийн таатай тогтвортой орчныг бүрдүүлэх, Мэргэжлийн холбоодын тухай, Хөдөлмөрийн тухай, МҮХАҮТ-ын тухай, Өрсөлдөөний тухай зэрэг нэн шаардлагатай хуулиудын яаралтай батлах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал болон Салхитын мөнгөний ордын талаар асууж тодрууллаа.
“Авлигачдын халаасанд байсан мөнгийг ард түмний мэдэлд аваад, үр ашигтай ашиглаж болохын байна гэдгийг мэргэжлийн судлаач, эрдэмтэд судалгаа тооцооллыг нь хийсэн. Тэтгэврээ барьцаалсан иргэдэд орлого байхгүй болж байна. 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг 330 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэнд өгөх боломжтой байдаг. Тэтгэвэр барьцаалсан зээлийн өсөлт 8,9 дүгээр сард оюутны сургалтын төлбөр төлөхөд, 1,2 дугаар сард сар шинийн баяр болоход нэмэгддэг нь судалгаагаар гарсан. Үнэндээ энэ зээлийн мөнгө эргээд бизнесийн орчинд л эргэлддэг. Боломжтой хүмүүс зээл авахгүй. Энэ бол бэлэн мөнгө тарааж байгаа хэрэг биш. Үүгээр бид хоёр том шинэчлэлийг хийж байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь хийж чадахгүй байсан тэтгэврийн реформыг хийнэ. Нийгмийн даатгалын сангаас ил, далд хууль бус үйлдлүүд явсаар ирсэн. Инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмж, зарлагаа хэт хяналтгүй өсгөснөөс болж алдагдалд хүрч, хоосорсон. Тиймээс тэтгэврийн сангийн шинэчлэл хийгдэх бололцоогүй болсон. Хоёрдугаарт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах зарчмаар Үндэсний баялгийн сан байгуулж байгаа. Үүний эхлэл бол Салхитын мөнгөний ордын үр өгөөж юм. Эрдэнэс МЖЛ гэдэг бол Үндэсний баялгийн сан болно гэсэн үг. Энэ хоёр реформыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулаад хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бодлогын тогтвортой байдлыг бий болгохыг зорьсон. Төрийн тогтвортой байдлыг дагаад төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Ингэснээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдэнэ. Хөгжлийн урт хугацааны логик дэс дараалалтай, тогтвортой төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.
Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэсэн эдийн засгийг эрчимжүүлэх хөгжлийн загварыг хэрэгжүүлэх саналуудаа УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.
Тэрбээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болохыг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.