Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ
Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг Монголын тайзнаа анх удаа амилуулахаар болжээ. Жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа бол Анна Каренинагийн дүрийг драмын театрын жүжигчин Н.Баярмаа бүтээхээр болсон байна.
Түүний хувьд драмын театрын урын сан дахь нэр бүхий сонгодог жүжгүүдийн гол дүрийг бүтээж байсан. Тухайлбал, “Би эндээс явахгүй”, “Жаргаагүй нар”, “Нора”, “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгийг нэрлэж болох юм.
Харин жүжгийн бусад дүрүүд болох Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Д.Баттөмөр нар тоглох бол Облонскийд жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох аж. “Анна Каренина” драмын жүжиг ирэх хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх билээ.