Австралийн Үндэсний Их Сургуулийн судлаачид Антарктидад газар доогуурх агуйн бүхэл бүтэн сүлжээ илрүүллээ. Эдгээр агуйн хонгилд урьд өмнө мэдэгдээгүй шинэ төрлийн амьд биет нуугдаж байж болзошгүй гэж эрдэмтэд найдаж байна. Одоогоор цөөн хэдийг нь судлахад газар доогуурх агуй хонгилуудад сээр нуруугүй, эгэл биет амьд амьтан байгааг судалгаагаар тогтоожээ. Эдгээр хонгил дотор агаарын температур дунджаар цельсийн 25 градус буюу дулаан байгаа нь Антарктидын газар доогуурх биологийн ертөнц баялаг гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.
Газар доогуурх хонгил нь олон мянган жилийн өмнөх, шинжлэх ухаанд мэдэгдээгүй соёл иргэншлийн үлдэгдэл гэсэн таамгийг судлаачид няцаалаа. Антарктидын мөсөн бүрхүүл дор нуугдаж буй хөндий ердөө байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.