Дэлхийн бүх орны нийслэлд зай талбай сайтай улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг. Улаанбаатарт ч бий.
Гэвч сүүлийн гучаад жилийн хугацаанд тэдгээрийн эзэмшил дэх газар ямар нэг замаар, хуулийн бус байдлаар хувийн хэвшлүүд, хувь хүмүүсийн мэдэлд оччихдог болсон. Тэгээд нөгөөх зорилтот байгууллагууд маань анх эзэмшдэг байсан газрынхаа буланд, багахан газарт үйл ажиллагаа явуулдаг болчихсон.
Хүүхдийн парк ийм халдлагын тод жишээ болдог. Түүний араас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар зүй ёсоор бичигдэнэ.
Жилдээ ганц болдог монгол наадмын дэвжээ болдог Төв цэнгэлдэх хүрээлэн үнэн хэрэгтээ Монгол Улсын хэмжээнд болдог урлаг, спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах боломжтой цорын ганц газар болсон.
Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1958 онд БНХАУ-ын тусламжтайгаар барьж байжээ. Төв асрыг нь 1971 онд гүйцээж барьсан байдаг. Төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй баригдсан Төв цэнгэлдэх хүрээлэн маань хорин мянган хүний багтаамжтай, 105-ыг харьцах нь 68 метрийн хэмжээтэй талбайтай. Энэ байгууламжийн эргэн тойрон дахь 31 га газар Төв цэнгэлдэх хүрээлэнд хамаардаг байв.
Ингэж байж монголчууд баяр наадмаар Төв цэнгэлдэхээ гороолж, “наадмын хуушуур”-аа зооглодог. Мөн сур, шагайн харвааны талбай ч үүнд багтана.
Яг үнэндээ Үндэсний их баяр наадмын энэ талбай маань өндөр өндөр орон сууцнуудын дундах өчүүхэн жижигхэн зайд болдог болчихоод байгаа. Наадмаар Төв цэнгэлдэх орно гэдэг аюул болсон.
Одоогоос 27 жилийн тэртээ, 1993 онд анх Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчилж байжээ. Тэр үеийн нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээж байв.
Гэхдээ тухайн үед НИТХ нь хууль бус тогтоол үйлдэж хоёр хувийг нь нэгэн иргэнд зарж, павильоны хэмээх 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гаргажээ. Ингээд шүүхийн асуудал үүсч, маргаан нь олон жил үргэлжилсэн.
Эцэст нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувь нь сүүлд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал болсон Т.Нямдаваад шилжсэн байдаг. Ингэж хувьд шилжсэнээс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 31 га газар багассаар 12.7 га болжээ. Газрыг нь эрх мэдэлтэй, нэр цуутай хүмүүс авсан талаарх мэдээлэл бий.
Улмаар Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор төрийн мэдлийн 49 хувийг 22.6 тэрбум төгрөгөөр худалдаалах суурь үнийг тогтоосон байна. Энэ дагуу НИТХ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг энэ 2020 онд хувьчлах шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ хууль журмын дагуу 51 хувийг эзэмшиж буй этгээдэд эхлээд санал тавина гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байна.
Харин шинэ Цэнгэлдэх хүрээлэнг Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байгаа юм. Нэгэнт шийдвэр нь гарчихсан, мөн үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан, 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй шинэ Цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөчихөөд байгаа аж. Тэгэхээр энэ тусдаа асуудал болж таарна. Нүдээ аниад өнгөрөөж болохгүй нэг зүйл бий. Тэр нь одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудал юм.
31-ээс 12.7 га болсон гэдэг. Бас 14.5 га гэсэн тоо байдаг. Ерөөс энэ үлдсэн газарт ч “но” орчихоод байгаа юм.
2015 оны зургадугаар сарын 29-нд Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/561 тоот захирамж гарчээ. Энэ захирамжийн дагуу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд байсан 14.5 га буюу 141 513 м.кв газрыг гурав хувааж, өөр аж ахуйн нэгжид шилжүүлжээ. Уг захирамжаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д 13.6 га буюу 135 923 м.кв газрыг үлдээж, “Зүүн тариа” ХХК-д 819 м.кв, “Ар Ви Жи Эйч” ХХК-д 4551 м.кв газрыг тус тус шилжүүлсэн байна.
Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр www.unegui.mn зарын сайтад “Стадионы урд байрлалтай, А даалгавараа авсан 4551 м.кв газрыг 2.6 тэрбум төгрөгөөр зарна” гэсэн зар гараад ирэв. Энэ газрын хэмжээ нь 2015 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас “Ар Ви Жи Эйч” ХХК-д шилжүүлсэн 4551 м.кв газрын хэмжээтэй таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Ар Ви Жи Эйч” ХХК авсан газраа зарах гэж байна гэж ойлгогдож буй.
Энэ мэдээллийн талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Бид Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшиж буй Т.Нямдаваа гэх хүнд ч ийм зар тавигдсан тухай болоод, ингэж зар тавих нь хууль бус гэсэн бичиг явуулсан. Ямартай ч хэн, ямар зорилготойгоор ийм хуурамч зар тавьсныг судалж байна” гэсэн тайлбарыг өгчээ.
Мэдээж хэрэг, Т.Нямдаваа гэх хүн нь “Надад хамаагүй” гэж таарах биз. Таван жилийн өмнө эзэмшлээс нь “гараад явчихсан” газар шүү дээ.
Тэгэхээр энэхүү 4551 м.кв газрыг Төв цэнгэлдэхийн хувьчлалаас өмнө нэг тийш болгох гэж яараад байгаа нь тодорхой болж байгаа юм. Яагаад яарсан нь ч ойлгомжтой. 1993 оноос эхэлсэн маргааны эцэст Төв цэнгэлдэх хүрээлэн хувьд очихдоо одоогийнх шиг 13.6 га газартай байгаагүй. Эх сурвалжийн мэдээллээр 31 га газартай байсан гэдэг. Тэгэхээр энэ хооронд Төв цэнгэлдэхийн газрын дор хаяж тал нь алга болсон болж таараад байна.
2015 онд хоёр компани руу шилжсэн 5370 м.кв газар зөвхөн нэг л жишээ гэсэн үг.
Тэгэхээр төр буюу нийслэлийн засаг захиргаа алдсан газрынхаа араас явах ёстой болж байгаа юм. Учир нь анх хувьчлахад байсан 30 га-гийн 49 хувь нь нийслэлийн өмчийнх байсан гэсэн үг. Тэр хэмжээ нь одоо 100 хувьд хамаарч байгаагаас том газар болно. Ийм явдал болоод хэдэн жил, хамгийн сүүлд 2.6 тэрбумаар 4551 м.кв газрыг нь зарна гэж зарын сайтаар яваад байхад нийслэл ямар нэг арга хэмжээ авахгүй хэд хонолоо.
Хууль бусыг хуулийн дагуу болгох нь төрийн үүрэг. Төрд албан тушаал хашиж байгаа бол үүргээ гүйцэтгэх учиртай юм.
Тийм учраас 2015 онд алдсан 5370 м.кв газраа нийслэлийн өмчид буцаахыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт “санал болгож” байна. Та бүхэн нийслэлийн эзэмшлийн алдагдсан газраа буцаан авч, хууль ёсны болгоно уу.
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшилд байсан бусад газар хэн гэдэг албан тушаалтны шийдвэрээр, хэрхэн алдагдсан талаар сурвалжлан хүргэх болно.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин