Америкийн шинжээчид Украины онгоцыг Ираны пуужин харваж сөнөөсөн гэж дүгнэжээ
АНУ-ын агаарын тээврийн мэргэжилтнүүд Тегеран хотын ойролцоо осолдсон Украины онгоцыг Ираны тал пуужингаар харваж унагасан гэж мэдэгджээ.
Уг онгоцонд нийт 180 зорчигч явж байсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Судлаачид сансрын хиймэл дагуулаас авсан дүрс зургийн тусламжтай дээрх дүгнэлтэд хүрсэн гэнэ.
Пуужин харвахаас өмнө Украины нисэх онгоцыг Ираны радар онилоод байсан бөгөөд Boeing 737-800 нисэх онгоц Тегеранаас Киевийн чиглэлд хөөрөөд хоёр минут болж байхад газар-агаар ангиллын хоёр пуужин харвасныг АНУ-ын хиймэл дагуул бүртгэжээ.
Ираны агаарын цэргийн хүчин харин дээрх мэдэгдлийг эрс шүүмжлээд "Тийм зүйл хэзээ ч байх боломжгүй" гэж хэлжээ.
Одоогийн байдлаар ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа бөгөөд Ираны тал онгоцны хар хайрцгийг эх орноосоо гаргахгүй гэж мэдэгдээд байгаа билээ.