Гэмт хэргийн улмаас 2019 онд насанд хүрсэн 930 хүн, насанд хүрээгүй 111 хүн нас баржээ
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оноос 13 хувиар буурсан үзүүлэлт бол, нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэн мөн 21 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Улсын хэмжээнд 2019 онд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч гарсан гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 88 буюу цагт 4 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ.
Гарч буй 10 хэрэг тутмын 3 нь зодооны хэрэг байдаг тул "Нэг хором" нэгдсэн арга хэмжээг явуулсан бөгөөд гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд найман цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байсныг онцолж байна.