Ханхүү Харри болон Меган Маркл нар эрх ямбаасаа татгалзлаа
Ханхүү Харри, эхнэр Меган Марклын хамт нар Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдийн үүргээсээ татгалзаж, "санхүүгийн хувьд бие даасан" болохын төлөө ажиллахаар төлөвлөж байгаагаа Лхагва гаригт мэдэгдэв.
"Олон сарын турш эргэцүүлж, хоорондоо зөвлөлдсөний дараа бид ийм шийдвэрт хүрсэн. Бидний энэ сонголтыг гэр бүлийнхэн маань дэмжинэ гэдэгт найдаж байна" гэж Меган Маркл Инстаграмаараа дамжуулан мэдэгджээ.
Хойд Америкт амьдрахаар шийдсэн хос уг шийдвэрийг гаргахаас өмнө ордны хатуу нарийн дэг жаягт баригдан амьдрах нь тэдэнд таалагдахгүй байгааг хэд хэдэн үйлдлээрээ илэрхийлж байсан юм.
Тухайлбал, тэд өнгөрсөн Зул сарын баярыг Хатан хааны гэр бүлтэй тэмдэглээгүй, Канадад тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнээс гадна Америк гаралтай гүнгийн авхай ордны тогтсон дэг журмыг хэдэнтээ зөрчсөн билээ.
Түүнчлэн тэрбээр нөхрийнхөө ах буюу ханхүү Уильямын гэргий Кэйт Миддлтонтой ч тааруу харилцаатай байдаг талаар хэвлэлүүд хэсэг шуугисан. Үүнээс болоод ч тэр үү ах, дүү хоёрын харилцаа сайнгүй байдаг сураг сонсогддог. Гэвч ханхүү Харри үүнийг няцааж “Завгүй амьдралын хэв маягаас болж ахтайгаа уулзаж амжихгүй байна” хэмээн тайлбарласан юм.
Харри, Меган хоёр хатан хааны гэр бүлийн бусад гишүүдтэй өөрсдийн шийдвэрийн талаар зөвлөлдөөгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Букингемийн ордон Харри, Меган хоёрын энэхүү шийдвэр цаг хугацаа шаардсан асуудал үүсгэж байна гэж мэдэгджээ. Их Британийн Хатан хаан II Элизабет ач хүү Харри, түүний гэргий Меган Маркл нар санхүүгийн эрх ямбаас татгалзаж, бие даан амьдрах болсонд сэтгэл гонсгор буйгаа илэрхийлсэн байна.
Тэд хааны гэр бүлийн гишүүдтэй зөвлөлдөлгүй ийм шийдвэр гаргасан нь протоколыг зөрчиж байна. Энэ нь гэр бүлдээ дайн зарлаж байна гэсэн үг. Уэлсийн ханхүү Чарлз, Кембрижийн гүн Уилиам нар бухимдалтай байна гэж эх сурвалж мэдээлжээ.