Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой асуудлаар мэдэгдэл хийв
Иран улс Ирак дахь АНУ-ын баазууд руу дайралт хийсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Ираны хооронд үүсээд байгаа хурцадмал байдлын талаар Монголын цагаар нэгдүгээр сарын есөнд 01:00 цагт мэдэгдэл хийжээ.
Тус мэдэгдэлд Дональд Трамп "Манай цэргийн баазууд Ираны пуужингийн цохилтод өртсөн боловч Ирак болон Америк иргэд хохироогүй болохыг баяртайгаар мэдэгдье. Ираны тал пуужин хөөргөсний дараагаар ямар нэг цэргийн ажиллагаа явуулах шинжгүй байгаа учраас бид тус улстай үргэлжлүүлэн дайсагнах хүсэлгүй байна. Гэхдээ мэдээж хэрэг би Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэх болно" гэжээ.
Тэрбээр мөн цааш үргэлжлүүлэн "Намайг АНУ-ын ерөнхийлөгч байх хугацаанд Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Мэдээж хэрэг Иран улсад бид хөгжин цэцэглэх боломжийг олгож болно. Гол нь тус улс цөмийн хөтөлбөрөө бүр мөсөн зогсоох хэрэгтэй" гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Иран улсын генерал Касем Солейманийг дроны довтолгоогоор хөнөөсний хариу болгон Иран улс 22 ширхэг пуужинг Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу харвасан билээ.
Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф лхагва гаригт Твиттер хуудсаараа пуужингийн довтолгоо нь Солеиманигийн өшөөг авах Ираны хийж буй сүүлчийн цохилт болсон бөгөөд үүнээс цааш ямар нэг цэргийн ажиллагаа явуулахгүй гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү хоёр тал дайны ирмэг дээр ирсний дараа буулт хийж байгаа нь олон улсын эдийн засагт шууд эерэгээр нөлөөлж эхэлсэн байна.
Трампын мэдэгдлийн дараахан Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш эрс нэмэгдэж эхэлсэн бол өчигдөрхөн нэг баррель нь 70 ам.долларын үнэтэй байсан газрын тосны ханш өнөөдөр өглөө 61 ам.доллар болтлоо буурчээ.