Х.Бадамсүрэн: Ямар ч тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрээ алдахад хүрнэ гэж байхгүй
“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны хоорондын маргаан 2013 оноос хойш үргэлжилж байгаа. Өдрөөс өдөрт зээлийн хүү нь нэмэгдэж байгаа гэх уг асуудлын талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас авсан зээл нийт 160 сая ам.доллар болсон талаар Я.Санжмятав гишүүн мэдээлсэн. Төлбөрийн хэмжээг багасгах талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Арбитрын шүүхийн шийдвэрээр гарсан тоо баримт бол 100 сая орчим ам.доллар. Түүн дээр хүү нь нэмэгдээд яг хэд болсон байна гэдгийг бид нэг өөрсдөө тооцно, “Стандарт” банкныхан нэг тооцно. Тиймээс нэг ширээний ард сууж акт нийлж байж тэд байна гэж гаргана. Өнөөдрийн байдлаар УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг үйлдвэр дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй байнга холбоотой ажиллаж байгаа. Аль болохоор л “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатай, улс орныхоо эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
-Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, өр барагдуул гэсэн албан бичиг албан ёсоор ирсэн үү?
-Арбитрын шүүхийн шийдвэрийг л ирүүлсэн. Төлөлт огт хийгдээгүй.
-Зээлээ төлөхгүйн улмаас сард хоёр тэрбум төгрөгийн алданги бодогдож байгаа гэдэг үнэн үү?
-Үндсэн зээл болоод түүнийг дагалдаж гарсан хуримтлагдсан өр төлбөрт хүү тооцож авна гэсэн асуудал бий. Би энэ асуудлыг мэдэж байна. Гэхдээ аль болох “Эрдэнэт” үйлдвэрт хор хохирол багатай, улс орны эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар энэ асуудлыг шийдэх ёстой. Тэгтэл бидний энэ ярьж байгаа, тэр тусмаа ерөнхий захирлынх нь ярьж байгаа зүйл нэхэмжлэгч талд “Стандарт” банкинд хүрчихнэ. Цаг нь болохоор мэдээлэл хийнэ. Надад бол та бүхэнтэй илэн далангуй ярилцахад цааргалах юм огт алга. Гэхдээ бидний яриа монголчууд бидэнд сайн үр нөлөө үзүүлэхгүй. Тэр агуулгаар нь би том эрх ашгаа бодож илүү юм яримааргүй байна.
-Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Эрдэнэт үйлдвэрээ алдах уу?
-Тийм юм байхгүй. Төр засаг байна, тэр асуудлыг хариуцаж байгаа би байна. Хариуцлагатай асуудал учраас би хэлж байна шүү дээ. Эзэнгүй юм байгаа биш, ямар ч тохиолдолд тэнд хүрнэ гэдэг асуудал байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байсан тухай ЗГХЭГ-ын дарга мэдээлсэн. Энэ үнэн үү?
-Би бол үйлдвэрийн дарга л хүн. Энэ талаар надад хэвлэл мэдээллээр хэлчих бодит мэдээлэл алга.
-49 хувиа зарах бол үйлдвэрийн удирдлагад заавал мэдэгдэх ёстой биз дээ?
-Хувьцааны асуудал бол хувьцаа эзэмшигчдийн хооронд явдаг асуудал. Би бол гүйцэтгэх удирдлага хийж яваа хүн. Удирдлага дээр энэ талаарх мэдээлэл ирээгүй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.