"Фукушима" цахилгаан станц сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг болно
2011 онд цунимид өртөн дэлбэрсэн "Фукушима Дайчи" цөмийн цахилгаан станцыг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг болгох шийдвэр гаргасан тухай Японы засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Уг цахилгаан станц нь одоогийн байдлаар түр хаагдаад байгаа ч энэ оноос эхлэн шинэ барилгын ажил эхлэх бөгөөд улмаар 2040 он гэхэд бүс нутгаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьжээ.
Нийт 4 тэрбум ам.долларын өртөг бүхий тус төслийг Японы Хөгжлийн банк болон Мизухо банк нар хамтран санхүүжүүлэхээр болжээ. Уг төслийн дагуу 2024 он гэхэд нарны 11, салхины 10 цахилгаан үйлдвэрлэх байгууламж тус тус барих юм.
Бүрэн шинэчлэлт явуулсны дараа "Фукушима Дайчи" цахилгаан станц нийт 600 мегаваттын цахилгаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээний 70 хувийг хангахад хүрэлцэх юм байна.