Юанийн ханш өссөөр байна
“Найман шарга” валютын арилжааны төвийн ченжүүд өчигдөр юанийг 394-өөр авч, 397 төгрөгөөр борлуулж байлаа. Тэд “Хятадын Цагаан сар ирэх 24-нд эхэлнэ. Энэ үеэр өмнөд хөршийн худалдаачид бараг сар амардаг. Манай худалдаачид амрахаас өмнө бараа, бүтээгдэхүүнээ татах гэж юанийн эрэлт үүсгэж байна. Нэг талаар нүүрсний үнэ унасан, импорт багассан нь юанийн нийлүүлэлтийг бууруулсан. Ингээд ханшийг огцом өсгөж байна” гэж тайлбарлав.
Монголбанкнаас зарласан дундаж ханшаар юань 392.29 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Төвбанкнаас мэдээлснээр юанийн дундаж ханш өдгөөгөөс жилийн өмнө 395.17 төгрөгт хүрч байжээ. Ийн тэнгэрт хадсан ханш энэ оны аравдугаар сард гэхэд 373 төгрөгт хүрч хямдарсан юм. Тэгвэл гурван сарын өмнөхөөс 25 орчим төгрөгөөр чангараад байна. Хятадын зах зээлд 6.96 юань нэг ам.доллартой тэнцэж буй юм.