С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Ажлын хэсгийг ахлан ажилласан ХНХ-ын сайд С.Чинзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийв.
Тэрбээр “Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана.
Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан.
Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон” гэлээ.
Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох замаар бий болгохоор тусгасан. Тэгвэл энэ талаар С.Чинзориг "Салхитын мөнгөний ордын лицензийг 2018 онд хууль зөрчсөн хэмээн түдгэлзүүлж "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлсэн. Ингээд "Эрдэнэс Монгол" компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс" гэдэг компани байгуулан уг компанид Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлсэн" гэв.