Тэтгэврийн зээлээс гадна тэжээгчээ алдсаны тэтгэмж, группийн мөнгөө зээлсэн бол мөн "тэглэгдэнэ"
Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон уг төсөлд өндөр насны тэтгэврээ зээлсэнээс гадна тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, мөн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол хамрагдах аж.
Түүнчлэн тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэх аж.
2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна.
Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын мөнгөний ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1,117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1,050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ.
Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг бүрмөсөн зогсоох юм байна.